1990-ээд онд багачуудыг дэлгэцийн өмнө уядаг байсан “Pokemon” хүүхэлдэйн киноны баатрууд орчин үед гар утасны тоглоом болон эргэн ирснээр тэсрэлт хийлээ. Өнгөрсөн оны долдугаар сарын 6-нд АНУ, Австрали, Шинэ Зеландад албан ёсоор нээлтээ хийсэн энэ тоглоом технологийн дэвшлийн ачаар бодит ертөнцийг виртуал тоглоомтой холбосноороо онцлог. Гарсан даруйдаа олон хүний анхаарлыг татсан энэ тоглоомоор эдүгээ өдөрт 30 сая хүн тоглож байна.Өмнө нь гарч байсан ямар ч тоглоом “Pokemon Go” шиг ийм олон хүнийг хамарч байгаагүй аж. Тиймээс энэ амжилтыг өнгөрсөн наймдугаар сард Гиннесийн номд бүртгэн авчээ.
Видео тоглоомыг гаргасан эхний долоо хоногт л “Nintendo” компанийн зах зээлийн үнэ есөн тэрбум ам.доллараар нэмэгдэж, хувьцааных нь үнэ 10 хувиар өсчээ. Гэтэл “Nintendo” нь “Pokemon Go” тоглоомыг хөгжүүлсэн “Niantic” компанийн ердөө 32 хувийг хувьцааг эзэмшдэг бөгөөд орлогын 30 хувийг авдаг аж.
“Niantic” компани анхны нээлтээ хийснээс хойш ердөө ганц хоёр хоногийн дараа дараагийн улсуудад нэвтрүүлэхээр зэхэж байсан ч тоглоомыг татаж авах хүсэлтэй хүмүүс их байсан учраас сервер нь ачааллаа дийлэхгүйд хүрчээ. Гэсэн ч долдугаар сарын 13-нд Германд, 14-нд Их Британид, 15-нд Итали, Испани, Португалид нээжээ. Харин 46-нд Австри, Бельги, Болгар, Хорват, Кипр, Чех, Дани, Эстони, Финланд, Грек, Гренланд, Унгар, Исланд, Ирланд, Латви, Литва, Люксембург, Мальт, Нидерланд, Норвег, Польш, Румын, Словак, Словен, Швед, Швейцарт, 17-нд Канад, 19-нд Пуэрто-Рикод тус тус нээгджээ. Япон дахь нээлтийг долдугаар сарын 20-нд хийхээр зэхэж байсан ч “Niantic” компанийн McDonald-тай хийсэн гэрээний зарим нэг нууц мэдээлэл задарсаны улмаас 22 болгон хойшлуулжээ. Мөн Францад долдугаар сарын 15-нд эхлэхээр төлөвлөж байсан ч өмнөх 14-ний өдөр нь Ницца хотод террорист халдлага гарч 24-ны өдөр болгон хойшлуулсан. Долдугаар сарын 25-нд Хонкогод, харин наймдугаар сарын эхээр Латин Америкийн орнуудад нэвтэрчээ.
Тоглоомын зорилго нь аль болох олон Pokеmon буюу мангасыг цуглуулах.Мангасыг цуглуулахын тулд газраа суугаад тоглох биш гадуур аялж, алхаж байж тоглох ёстой юм. Энэ нь хөдөлгөөний дутагдлаас үүдэлтэй элдэв өвчлөл нэмэгдэх болсон орчин үед эрүүл мэндэд тустай дасгал хөдөлгөөн болж буйгаараа сайшаалтай. Тоглоомыг үнэ төлбөргүйгээр гар утас, таблет руугаа татах боломжтой. Гэвч бодит ертөнц уг тоглоомыг тоглоход хэтэрхий аюултай байгаа нь асуудал. Гар утсаа ширтэн гадуур алхах нь унаж бэртэх, автомашинд мөргүүлэх гэх мэт эрсдлийг дагуулж, гэмтэж бэртсэн хүний тоо ч цөөнгүй. Тоглоомонд донтсоноос болж ажлаасаа халагдаж, мангас хайж яваад цогцос олж, дээрэмдүүлсэн тохиолдол ч гарчээ. Үүний дараа “Nintendo” компани “Pokеmon Go Plus” гэх бугуйвчийг гаргаж, тоглогчдыг байнга гар утсаа ширтэх шаардлагагүй болох арга хэмжээ авсан байна. Bluetooth-ээр холбогдож ажилладаг уг бугуйвч нь Pokémon мангасын ойролцоо ирвэл чичирхийлж мэдэгддэг аж. Энэ үед тоглогч товчлуур дарснаар мангас эвсэл бусад эд зүйлсийг цуглуулж чадах юм. Уг бугуйвч 35 ам.долларын үнэтэйгээр өнгөрсөн долоо хоногоос худалдаанд гарч эхэлжээ.
Тоглоомыг зөрчил мөргөлдөөнтэй Сирид хүртэл тоглох болсон ч олон улсад янз бүрийн шалтгаанаар хориглож эхэлжээ. Иран улс байршил илрүүлэх технологийг ашиглахад тусгай зөвшөөрөл авдгаас үүдэн “Pokemon Go” тоглоомыг хориглосон анхны улс болов. Үүний дараа Саудын Араб, Египет зэрэг исламын шашинт орнууд мөрийтэй тоглоомыг дэлгэрүүлэх, биет бус зүйлийг тахин шүтэх суртлыг дэлгэрүүлэн, донтуулах нөлөөтэй гэж үзэн хоригложээ. Манай хойд хөрш ОХУ-д ч тагнуулын үйл ажиллагаанаас сэрэмжлэн “Pokemon Go” тоглоомыг хориглосон байна. Түүнчлэн Индонези, Австрали, Португал, Босни, Турк улсад уг тоглоомыг хориглох арга хэмжээ авчээ.
“Pokemon Gо” тоглоом Монголын “Appstore”, “Playstore”-д хараахан нэмэгдээгүй байгаа ч интернэтийн өөр эх сурвалжуудаас татах боломжтой. Албан бус эх сурвалжаас тоглоомыг татсан нөхцөлд гар утсанд вирус нэвтрэх боломжтой юм.