Самсунг шинэ гар утсандаа Японд үйлдвэрлэсэн баттерейг суулгахаар сонирхож эхэлжээ

733

Galaxy Note 7 утасны гамшгаас болоод багагүй хохирол амссан Өмнөд Солонгосын Самсунг компани удахгүй зах зээлд гарах Galaxy S8 гар утсандаа Японд үйлдвэрлэсэн баттерей суулгаж магадгүй байна.

Баасан гарагт тус компанийн эх сурвалж мэдээлэхдээ Самсунг нь Японы Murata Manufacturing компанийн lithium-ion polymer баттерейг ашиглах боломжийг судалж байгаа гэжээ.

Мурата нь өнгөрсөн жил Sony Energy Devices Corp компанийг худалдаж авсан юм. Энэ компани нь Sony корпорацийн гар утас, таблет, дижитал камерын баттерейг үйлдвэрлэгч.

Өнгөрсөн сард Самсунг Galaxy Note 7 утасныхаа гал гарах болсон шалтгааныг баттерейны доголдол гэж тайлбарласан юм. Энэ бүтээгдэхүүний баттерейг Самсунгийн өөрийнх нь салбар болох Samsung SDI компани болон Хятадын Amperex Technology компаниуд үйлдвэрлэсэн ажээ.

Ажиглагчдын дүгнэж байгаагаар гуравдугаар сарын сүүлээр зах зээлд гарах S8 гар утасны баттерейг Samsung SDI үйлдвэрлэж, харин хоёр дахь нийлүүлэгчээр Хятадын компанийн оронд Японы компани сонгогдож магадгүй байна.

Sony-гийн баттерей үйлдвэрлэгч нь Apple болон Хятадын гар утас үйлдвэрлэгчдэд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг юм.

Эх сурвалж: Korea Times