АНУ-ын шинэ засаг захиргаа Далай ламтай уулзахгүй байх ёстойг Бээжин анхаарууллаа

751

АНУ-ын шинэ засаг захиргааг Хятадын эсрэг Далай ламыг ашиглаж, хоёр улсын харилцааг муутгахгүй байхыг шаардсан анхааруулгыг Төвдийн хэрэг хариуцсан Хятадын албаны хүн Баасан гарагт гаргажээ.

Ингэх болсон шалтгаан нь АНУ-ын шинэ гадаад харилцааны тэргүүн Рэкс Тиллерсон Сенатын комиссоос бичгээр ирсэн асуултад хариулахдаа Бээжин болон Төвдийн цагаачлалын засгийн газрын хооронд яриа хэлэлцээр бий болгохын төлөө ажиллана гэж хариулсан байна. Тиллерсоны байр суурийн талаар Энэтхэгт үйл ажиллагаа явуулдаг thetibetpost.com сайт анх Пүрэв гарагт мэдээлжээ.

Тиллерсон бас Далай ламыг хүлээж авч уулзах талаар нааштай хариу хэлсэн тухай мэдээлсэн байна.

Хятадын засгийн газрын Угсаатан, Шашны Хэрэг Эрхлэх Газрын дарга Зу Вэйчун энэ мэдээллийн талаар хэлэхдээ “Хятадыг хуваах зорилготой хууль бус бүлэглэлтэй Бээжин хэлэлцээр хийх боломжгүй” гээд Тиллерсоныг Төвдийн асуудлаар анхлан суралцагчийн түвшний хүн гэдгээ харууллаа хэмээн шүүмжилжээ.

Зу “Төвдийн цагаачлалын засгийн газрын хийж чадах цорын ганц ухаалаг алхам бол өөрийгөө тараах юм” гэж мөн хэлсэн байна.

Тэрээр АНУ-ын шинэ засгийн газар Төвдийн асуудлыг болгоомжтой судлах хэрэгтэй бөгөөд хамаагүй оролдвол өөрт нь дуусашгүй үргэлжлэх бэрхшээл авчрах болно гэдгийг анхааруулжээ.

Эх сурвалж: Global Times