Турк-Оросын худалдааны эргэлт 100 тэрбум долларт хүрнэ Өчигдөр 16 цаг 9 минут

517

Туркийн эрх баригчдын үзэж байгаагаар тус улсын ОХУ-тай хийх худалдааны эргэлтийн хэмжээ 2023 он гэхэд 100 тэрбум ам.долларт хүргэхээр төлөвлөж буй талаар Турк улсаас ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хусейн Дириоз мэдэгджээ.

Тэрбээр Москва хотод болж өнгөрсөн “Eurasian Talks“ бага хурлын үеэр ийн мэдэгдсэн аж. Тус бага хурлыг Туркийн судалгааны “Eurasian House” байгууллага зохион байгуулсан байна. Энэ удаагийн уулзалт хоёр орон бизнес-түншлэлийг шинэ түвшинд гаргах боломжийг бүрдүүлж өгч байгааг оролцогч талууд дурджээ.

“Дээр дурдсан тоон үзүүлэлтийг хангахад нягт уялдаа холбоотой, үр ашигтай хамтын ажиллагааг явуулах шаардлагатай. Энэ нь Туркийн бизнесменүүдийн Орос дахь худалдаа арилжаанд учрах аливаа саад хүндрэлийг арилгаж өгөх юм. Анкарагийн санааг зовоож буй өөр нэг зүйл бол Туркийн зарим компаниудад одоог хүртэл үйлчилж буй хориг арга хэмжээнүүд. Мөн хоёр улсын хооронд зорчих визний горимыг ойрын хугацаанд либераличлахыг хүсч буй”-гаа Элчин сайд мэдэгдсэн байна.

Дириоз хэлэхдээ, “Орос болон Турк нь өмнөө шинэ зорилтуудыг тавиад байна. Өнгөрсөн хугацаанд бид маш олон уулзалтыг зохион байгуулж, хоёр орны харилцааг хэвийн байдалд оруулах талаар ихээхэн хүчин чармайлт гаргалаа. Москва болон Анкарагийн түншлэх хүсэл нь цаашид бидний хамтын ажиллагааг гол хурдасгагч хүчин зүйл болж өгнө гэдэгт итгэлтэй байна”.

Арванхоёрдугаар сарын эхээр хоёр орны гадаад хэргийн сайд Сергей Лавров болон Мевлют Чавушоглутай нар уулзах явцдаа хоёр орны худалдаа эдийн засгийн харилцаа болон авагдсан хориг арга хэмжээ, хязгаарлалтуудыг цаашид хүчингүй болгох талаар ярилцсан байна.

Eurasian Talks нь Турк болон ОХУ, Евразийн бусад улс орнуудын харилцан ашигтай түншлэлийн хүрээнд эдийн засаг, улс төр, геостратегийн асуудлуудтай холбоотой чухал сэдвүүдийг хөнддөг хэлэлцүүлийг талбар юм.

А.БАЛЖИННЯМ

ЭХ СУРВАЛЖ: LENTA.RU