Монгол Улсад дэлхийн 122 орны 23 737 иргэн удаан хугацаагаар оршин суух бүртгэлтэй байгааг өнөөдөр /2017.01.16/ Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн дуулгалаа. Тухайлбал, БНХАУ-ын 8707, БНСУ-ын 2568, ОХУ-ын 2724 иргэн удаан хугацаагаар Монгол Улсад амьдарч байна. Монгол оршин суугаа гадны иргэдийн тоо мнай улсын нийт хүн амын 0.79 хувийг эзэлж байгаа аж. Гадаадын иргэний эрхзүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлд “Монгол Улсын нутаг дэвсгэрт хувийн хэргээр оршин суух гадаадын иргэний тоо тухайн орны харьяат хүн амын гурван хувь байх ёстой. Үүний дотор нэг улсын иргэн нэг хувь байна” гэж заажээ.
ВИЗ ОЛГОЛТ БУУРЧЭЭ
Монгол Улсад орж ирэх визний зөвшөөрлийг дипломат төлөөлөгчийн газарт өгдөг. 30-аас дээш хоногийн визтэй гадны иргэн заавал манайхаас зөвшөөрөл авч байж визээ авдаг.
Виз олголт 2015 онд 26189 байсан бол 2016 онд 21 251 болж 5000-аар буурсан. Энэ нь гадны иргэн виз авч зорчих нь багассаныг харуулж байна. Визний зөвшөөрөл 2015 онд 26 мянга байсан бол 2016 онд 21 мянга болж буурсан. Монгол Улсын иргэн жилд нэг удаа гадны иргэнийг урих эрхтэй байдаг. Жишээ нь 2015 онд 573 иргэн урьсан бол 2016 онд 444 болж буурсан.
Оршин суух зөвшөөрлийг дээд тал нь нэг жилээр өгч байна. Эцэг эхийнх нь аль нэг Монгол Улсын иргэн. Хэдийгээр Монгол Улсын харьяаллаас гарсан ч гэсэн насанд хүрээгүй хүүхэд нь Монголд амьдарна гэвэл таван жилийн хугацаатай оршин суух зөвшөөрөл өгдөг.
2016 ОНД ТАВАН ХҮҮХДИЙГ ГАДААДАД ҮРЧЛҮҮЛЖЭЭ
2015 онд гадаадын иргэнд таван монгол хүүхдийг үрчлүүлсэн. 2016 онд мөн таван хүүхэд үрчлүүлсэн. 1999 оноос хойш Монгол Улсаас гадаадын иргэнд 265 хүүхэд үрчлүүлсэн гэх тооцоо байна. Үүний бүх хяналтыг хийгээд явж байгаа.
Харин 2015 онд гурван иргэн Монгол Улсын харьяат болсон бол 2016 онд таван иргэн болж өсчээ. Тэгвэл Монгол Улсын харьяатаас гарсан тоо өссөн дүр зураг харагдаж байна. 2015 онд 952 байсан бол 2016 онд 2179 болсон. 2179 иргэний 90 гаруй хувь нь казакууд байна. 1994 оноос хойш Бүгд найрамдах Казахстан улсад Монгол Улсын иргэд хөдөлмөрийн гэрээгээр ажиллах болсон. Ингээд Казах иргэдийн нүүдэл 1994 оноос эхэлж 2015 он хүртэл 59 мянган казах иргэн Казахстаны харьяат болсон байна.
2015 онд 32 улсын 666 иргэнийг хууль зөрчсөн үндэслэлээр гаргасан. 2016 онд энэ тоо буурч, 27 улсын 450 иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ. Тэрхүү 450 иргэний ихэнх БНХАУ-ын иргэд гэнэ. Хууль бусаар хөдөлмөр эрхлэх, визний хугацаа хэтрүүлэх, оршин суух зөвшөөрлийг зөрчсөн гэх зөрчил эзэлж байна.