Сагсан бөмбөгийн шигшээ багийнхан шаардлага гаргалаа

904

Монгол Улсын сагсан бөмбөгийн шигшээ багийг сагсан бөмбөгийн холбоодын дотоод асуудлаас шалтгаалан олон улсын тэмцээн уралдаанд оролцох эрхгүй болгож байгаа

тай холбогдуулан шигшээ багийн тамирчид шаардлага гаргажээ.

Уг шаардлагад сагсан бөмбөгийн хоёр холбоод дотоод асуудлаа нэн даруй шийдвэрлэх, Монгол Улсын шигшээ багийг олон улсын тэмцээнд оролцуулдаг болгох, шигшээ багийг олон улсын тэмцээнд оролцох боломжоор хангах зэрэг зүйлсийг тусгажээ.

“Монгол Улсын сагсан бөмбөгийн холбоо гэх  нэг нэртэй хоёр өөр байгууллагын дотоодын зөрчлөөс шалтгаалан манай шигшээ баг гадаадын тэмцээн уралдаанд оролцох эрхгүй болж байна. Тиймээс нэн даруй дотоодын холбоод эрх ашгаа нэгтгэн Монголын сагсан бөмбөгийн хөгжлийн төлөө нэг зүгт харах шаардлагатай болоод байна” гэж Монгол Улсын сагсан бөмбөгийн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч О.Баярцогт ярьж байлаа.

Удахгүй Зүүн Азийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн болох бөгөөд энэ тэмцээнд Монголын шигшээ багийг оролцуулах талаар хоёр холбоод ямар нэгэн ажил хийлгүй өдийг хүрчээ.

Харин шигшээ багийнхан бэлтгэл сайн хангагдаж, хоорондын ойлголцол сайжирсан учир дээрх тэмцээнд заавал оролцох ёстой гэж мэдэгдээд байгаа юм. Шигшээ багийнхны хэлж байгаагаар хоёр холбоод хоорондоо харилцан адилгүй, Монголын шигшээ багийг буруу ойлгогдуулах мэдээллийг Олон улсын сагсан бөмбөгийн холбоонд өгдөг нь ийнхүү шигшээ багийг тэмцээн уралдаанд оролцох эрхгүй болгож байгаа ажээ.

Монгол Улсын сагсан бөмбөгийн шигшээ баг Зүүн Азийн наадамд гурван удаа, Азийн наадамд дөрвөн удаа оролцож, 2014 онд Өмнөд Солонгост болсон Азийн 17 дахь наадамд, сагсан бөмбөгийн шилдэг найман багийн нэг болж, сагсан бөмбөгийн түүхэнд тодоор тэмдэглэгдэх амжилт гаргасан юм.