Баянгол дүүрэгт 72 айлын орон сууц ашиглалтад орлоо

442

Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын хэмжилт, дүгнэлтийг үндэслэн  Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн шийдвэрээр ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдсон нийтийн орон сууцны зориулалттай ашиглахыг хориглосон 172 барилгын жагсаалт гарсан байдаг. Үүний 52  барилга нь Баянгол дүүргийнх юм.

Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас тус дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй  17,18, 20 дугаарыг байрыг дахин барилгажуулах “Багц-БГД-9” гэсэн төслийн  хүрээнд “Дахин барилгажуулах барилгажилтын төслийн ажлын даалгавар” боловсруулж, барилга угсралтын ажил гүйцэтгэх төсөл хэрэгжүүлэгчээр “Тэргүүн чансаа” ХХК-ийг батламжилж, төсөл хэрэгжүүлэх эрх олгосон байна.

Дахин барилгажуулах ажлын хүрээнд “Тэргүүн чансаа” ХХК нь оршин суугчид, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, эхний ээлжинд 20 дугаар байрыг буулган 12 давхар 72 айлын орон сууц барьж, өнөөдөр ашиглалтад хүлээлгэн өглөө. Шинэ байранд орж байгаа оршин суугчдадаа нэг өрхөд 9-11 метр квадрат нэмж олгосон байна. Гэрээний дагуу 20 айлд орон сууц, 4 айлд үйлчилгээний талбай өгөхөөр тохиролцож, хуучны барилгад амьдарч байсан 24 айл шинэ орон сууцтай болсны зэрэгцээ 48  өрх айл ч нэмж тохилог байртай болох боломжийг нээсэн байна.

Өнөөдөр ашиглалтад орсон 72 айлын орон сууцны нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа,  “Тэргүүн чансаа” ХХК-ийн Ерөнхий захирал Ундрахбаяр болон оршин суугчид оролцлоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэлэхдээ “Өнөөдөр шинэ байрныхаа түлхүүрийг гардан авч байгаа иргэдийнхээ өмнөөс хотын дарга  би баяртай байна. Ялангуяа иргэд, төрийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй, хариуцлагатай биелүүлсэн “Тэргүүн чансаа” ХХК -ийн хамт олонд талархал илэрхийлье.  Нийслэл хотын иргэд эрүүл , аюулгүй, тохилог, тав тухтай орчин амьдарч, ажиллах ёстой. Ийм л нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө бид хичээн ажиллаж байна.

Гол бүтээн байгуулалтыг иргэд дэмжиж, төртэйгөө хамтран ажиллаж байгаа хувийн хэвшлийнхэн хариуцлагаа хаа хаанаа ухамсарлаж ажиллаж чадсаны үр дүнд олон хүн сэтгэл өөдрөг байхын зэрэгцээ хот өөрөө тэр хэрээр хөгжинө гэж бодож байна. Хотынхоо хөгжлийн төлөө бидний хамтын зүтгэл чухал гэдгийг өнөөдөр ашиглалтад орж, олон өрх айл, иргэдийг баярлуулж байгаа  72 айлын орон сууц харууллаа” гэсэн юм.

Цаашид Баянгол дүүрэг төдийгүй  бусад дүүрэгт ашиглалтын шаардлага хангахгүй байгаа орон сууцыг дахин барилгажуулах ажлыг хувийн хэвшил, иргэдтэйгээ хамтран эрчимтэй хэрэгжүүлнэ гэдгээ мөн хэллээ.

Шинэ байрныхаа түлхүүрийг гардан авсан иргэд ч “Тэргүүн чансаа” ХХК -ийн хамт олонд талархаж байгаагаа илэрхийлж, нэг жилийн дотор сайхан байртай болж, амьдрах орчин  дээшилсэнд  баярласнаа хэлж байсан юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.