“Эрдэнэт үйлдвэр” компанийг хувьцаат компани болгож, хувьцааны тодорхой хувийг иргэдэд эзэмшүүлнэ

443

 “Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг нээлттэй хувьцаат компани болгож, нийт хувьцааны тодорхой хувийг иргэдэд эзэмшүүлэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдлээ. Хувьцаат компани болгох болон хувьцааг нь иргэдэд эзэмшүүлэх талаар санал боловсруулж УИХ-аар хэлэлцүүлэн батлуулахыг сайд Г.Занданшатар, Ч.Хүрэлбаатар, Д.Сумьяабазар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт даалгав. Нийт хувьцааны хэдэн хувийг, ямар хугацаагаар тасалбар болгон ямар нөхцөлөөр иргэдэд эзэмшүүлэх, иргэд хувьцаагаа худалдах, худалдан авахтай холбоотой журмыг Засгийн газар батлах юм. “Эрдэнэт үйлдвэр” компанид мөн хөрөнгийн үнэлгээ хийлгэхээр болсон байна. Компани жилд 26 сая тонн хүдэр боловсруулж 530 орчим мянган тонн зэсийн баяжмал, 4.5 орчим мянган тонн молибдений баяжмал үйлдвэрлэдэг юм.

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор

Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн алдагдлыг зогсооно

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд дээд шатныхаа болон төрийн захиргааны байгууллагын зарим зардлыг санхүүжүүлдэг зохисгүй байдлыг Засгийн газар таслан зогсооно. Аж ахуйн нэгжүүд өмнөх дөрвөн жилд гэхэд л яам, агентлагийн арга хэмжээнд зориулж хоёр тэрбум гаруй төгрөг зарцуулжээ. Энэ нь жилд дунджаар 500 сая төгрөг гэсэн үг юм.

Тухайлбал яам, агентлаг, тэдний удирдлага төсөв хүрэлцдэггүй гэсэн шалтгаанаар цасны баяр, ахмадуудын уулзалт, сургалт, гадаад томилолт, онгоцны билетийн зардлаа харьяа төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжээс гаргуулж, автомашиныг нь албан хэрэгцээндээ ашигладаг байна.

Иймээс аж ахуйн нэгжүүдийн удирдлага, менежментийг нь сайжруулах, үргүй зардлыг багасгах зорилгоор төрийн өмчит хуулийн этгээдийг нэгтгэх, татан буулгах, өөрчлөн зохион байгуулах зэрэг арга хэмжээ авахаар боллоо.

Цаашид олон нийтийн оролцоог хангах, техник, технологийг шинэчлэх, хувьцааг Хөрөнгийн биржэд бүртгүүлж, тодорхой хувийг арилжаалах, түүнчлэн зарим байгууллагыг нээлттэй дуудлага худалдаагаар хувьчлахыг холбогдох албан тушаалтнуудад даалгав. Мөн компанийн засаглалыг сайжруулж, ил тод, нээлттэй байлгах, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр тодорхой арга хэмжээ авахаар боллоо.

Төрийн өмчит зарим үйлдвэрийн газрыг татан буулгана

“Аж үйлдвэрийн цогцолбор”, “Монгол тариалан корпораци”, “Монгол мах корпораци”, “Монгол тамга”, “Авто замын тоног төхөөрөмжийн түрээс” төрийн өмчит үйлдвэрийн газруудыг татан буулгахаар боллоо.

Дээрх газрууд байгуулагдсанаасаа хойш үйл ажиллагаа явуулаагүй, их хэмжээний өртэй, санхүү, хөрөнгийн эх үүсвэргүй зэрэг үндэслэлээр  Засгийн газар дээрх шийдвэрийг гаргажээ.

“Цэргийн гэрээт алба хаах журам”-ыг баталлаа

Цэргийн албаны тухай хууль батлагдсаны дагуу “Цэргийн гэрээт алба хаах журам”-ыг шинэчлэн боловсруулж мөрдөх шаардлагатай болсон байна. Журам батлагдсанаар тухайн иргэн цэргийн байгууллагад ахлагч, офицерын албан тушаалд гэрээгээр алба хаах нөхцөл бүрдэх юм. Мөн тодорхой хугацаанд хэрэгжих төсөл, хөтөлбөрт чухал шаардлагатай мэргэжилтэй хүнийг оролцуулах, цэргийн сургуульд бэлтгэх боломжгүй мэргэжилтнийг их, дээд сургуульд захиалгаар сургаж бэлтгэх төсөв, зардал болон алба хаагч тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийн зардлыг хэмнэх боломж бүрдэж байна.

Гэрээт албыг байлдагч, түрүүчээр хаах хугацаа 24 сар бөгөөд сунгаж болно. Харин төрийн цэргийн байгууллагад шаардлагатай мэргэжил, албан тушаалд ахлагч, офицероор тав хүртэл жилийн хугацаагаар алба хааж болохоор журамд тусгажээ.

Байлдагч, түрүүчээр хаах иргэн цэргийн нэгтгэл, анги, байгууллагад, ахлагчийн алба хаах бол Хил хамгаалах ерөнхий газар, Дотоодын цэргийн штаб, Онцгой байдлын ерөнхий газар, офицерийн албанд бол Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Дотоодын цэргийн штаб, Онцгой байдлын ерөнхий газарт хүсэлтээ гаргах юм байна.

Товч мэдээ

–  “Малын эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг баталлаа. Хөтөлбөр нь мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин гарах, тархах шалтгаан, нөхцөлийг хязгаарлах, эрүүлжүүлэх чиглэлээр цогц арга хэмжээ авах, малын өвчнөөр тайван, эрүүл байдлаа дотоод, гадаадад баталгаажуулан хадгалах, иргэдийг эрүүл, аюулгүй хүнсээр, боловсруулах үйлдвэрийг чанартай түүхий эдээр хангаж мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлох зорилготой юм.

–  “Эрчим хүчний үр ашиг хөтөлбөр”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээр, Нэмэлт зээлийн болон төслийн хоёрдахь гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

–  “Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаадын иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд өргөн мэдүүлэх болов. Цагаачлах иргэдийн тоог жилд 100-аас дээшгүй байлгахаар тогтоолын төсөлд тусгасан байна.

–  Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан “Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.

–  БНХАУ-ын Манжуур хотод Консулын газар нээн ажиллуулах тухай хэлэлцээд УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр боллоо. 2016 онд давхардсан тоогоор манай улсын 174 мянга, 2017 онд 170 гаруй мянган иргэн Манжуур хотод зорчсон байна.

–  Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.

–  Аймаг, орон нутгаас ирүүлсэн материалаас үзвэл энэ жил 128 малчин “Улсын аварга малчин”, 11 малчин “Улсын хошой аварга малчин”, 13 малчин “Улсын аварга саальчин”, таван фермер “Улсын аварга фермер”, 10 аж ахуйн нэгж “Улсын тэргүүний тариаланч хамт олон”, 27 иргэн “Улсын аварга тариаланч”-ийн болзол хангасан байна. Засгийн газар аваргуудыг удахгүй тодруулж Цагаан сарын баярын үеэр шагналыг нь гардуулах юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.