Засгийн Газрын 2014 оны 40 дүгээр тогтоолоор батлагдсан ‘Оюутан-цэрэг хөтөлбөр’ 3 жил амжилттай хэрэгжиж ирсэн. Тэгвэл 2017 оны “Оюутан-цэрэг” сургалтыг зохион байгуулах тухай Батлан хамгаалахын сайдын тушаал гарчээ.
‘Оюутан цэрэг’ сургалт хэрэгжсэн 3 жилийн хугацаанд нийт 2,390 оюутан хамрагдсан байна.Харин энэ онд сургалтад хамрагдах оюутны тоог 1,000 байхаар тогтоожээ. Тус сургалт энэ жил шинэ батлагдсан журмаар зохицуулагдан хэрэгжих юм байна.
Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн нэгдүгээр курсын 18 нас хүрсэн оюутан тус сургалтад хамрагдах боломжтой. Бүртгэл гуравдугаар сарын 9-ний өдөр хүртэл үргэлжилнэ.
Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын Орон нутгийн хамгаалалт, улсын дайчилгааны хэлтсийн дарга, хурандаа С.Ганбямба “Хөтөлбөр хэрэгжсэнээр бид хэд хэдэн үр дүнд хүрээд байгаа юм. Цэргийн насны залуус иргэний цэргийн үүргээ биелүүлэх нөхцөл нэмэгдэж, цэргийн алба хаах хэлбэрт шинэчлэл хийсэн чухал арга хэмжээ болсон.
Мөн, дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн нэмэгдэх сайн талтай. Оюутан залуус цэрэг эх оронч үзэл бодолтой, эх орноо батлан хамгаалах эрүүл чийрэг, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлтэй залуус болон төлөвшиж байгаа нь олон нийтийн дэмжлэг авах болсон юм.
‘Оюутан-цэрэг’ сургалт 2 үе шаттай явагддаг.
Нэгдүгээрт, цэргийн ерөнхий бэлтгэл онолын буюу танхимын сургалтаар явагдана.
Хоёрдугаарт, цэргийн мэргэжлийн бэлтгэл явагдана” гэлээ.
Бүрдүүлэх материал
- Сургалын голч дүн (2.8 дээш)
- Иргэний болон оюутны үнэмлэх;
- Эрүүл мэндийн дэвтэр (сүүлийн жилийн даатгал төлөгдсөн байх);
- Сургуулийн тодорхойлолт (Сургалтанд хамрагдах зөвшөөрлийн хамт);
- Сургалтын дүнгийн хүснэгт;
- Сургалтад хамрагдахыг хүссэн өргөдөл;
Бүртгэл хийгдэх газрууд:
- Баянгол Дүүргийн хүүхэд хөгжлийн төв
- Баянзүрх Дүүргийн ЗДТГ-ын хурлын танхим
- Сонгинохайрхан Дүүргийн ЗДТГ-ын байранд
- Сүхбаатар Дүүргийн ЗДТГ-ын нэг цэгийн үйлчилгээний байранд
- Хан-Уул Дүүргийн соёлын ордонд
- Чингэлтэй Дүүргийн ЗДТГ-ын байранд
Цэргийн ерөнхий бэлтгэл шатны сургалт Улаанбаатар, Дорнод, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс, Дархан, Орхон аймагт болно.
Цэргийн мэргэжлийн бэлтгэл шатны сургалтыг:
- Нийслэлд байрлах их, дээд сургуулийн 700 оюутныг ҮБХИС-ийн сургалтын төвд,
- Дархан-Уул, Орхон аймгийн их, дээд сургуулийн 100 оюутныг Орхон аймаг дахь Зэвсэгт хүчний 186 дугаар анги,
- Дорнод аймгийн их, дээд сургуулийн 30 оюутан, Говьсүмбэр аймгийн Политехник коллежийн 20 оюутныг Дорнод аймаг дахь Зэвсэгт хүчний 327 дугаар анги,
- Баруун 5 аймгийн их, дээд сургуулийн 150 оюутныг Ховд аймаг дахь Зэвсэгт хүчний 123 дугаар ангийг тус тус түшиглэн зохион байгуулна.