Эрдэмтдийг гудамжинд гаргалаа хэмээн жагсав

552

Шинжлэх ухааны академийн эрдэмтэд ийнхүү уриа барин өнөөдөр жагсав.

Тэд ШУА-ийн Геологи, Палеонтологийн хүрээлэнгийн байрыг нүүлгэх Засгийн газрын 270-р тогтоолыг цуцал хэмээн Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн боловч хариу ирээгүй тул ийнхүү жагссан юм.

“Ажлын байрыг минь буцааж өгөөч” хэмээн нэрлэсэн тус жагсаалд 80 гаруй эрдэмтэд оролцсон бөгөөд “Хамгийн том хүчирхийлэл бол булаалт”, “Эрдэм мэдлэгийг эрх мэдлийн дээр тавь”, “Шийдвэрээ буцаа”, “Шинжлэх ухааны байгууллагаас савраа тат”, “Эрдэмтдийг гудамжинд гаргалаа”, “Улс орны тэргүүн салбарыг гадуурхахаа боль”, “Бид ажлаа тайван хиймээр байна” гэх мэт уриа барьсан байв.

Хэрэв энэ жагсаалын дараа Ерөнхий сайд шаардлагын хариуг өгөхгүй бол “Үлэг гүрвэлийн цурхираан” жагсаалыг зохион байгуулах аж.

Энэ жагсаалд Геологи, Палеонтологийн салбарт ажилладаг 2000 гаруй ажилчид оролцохоо мэдэгджээ.

“Бидэнд хариу иртэл энэ жагсаалаа зохион байгуулна. Хэрэв хариу ирэхгүй бол дараагийн албан шаардлагуудыг хүргүүлнэ. Гуравдугаар сарын 10-нд ШУА-ын ажилчдыг бүгдийг хамруулсан томоохон жагсаалыг зохион байгуулна”  гэж ШУА-ын Үйлдвэрчний хорооны тэргүүн Г.Алтансүх хэлэв.

Жагсаалын үеэр Баянзүрх дүүргийн иргэд ч Геологи, Палантеологийн байрыг нүүлгэх асуудлыг эсэргүүцэн гарын үсгээ зурж байлаа.

Палеонтологийн хүрээлэнгийн эрдэмтдийн олон арван жилийн турш судалж, цуглуулсан ховор нандин үзмэрүүдийнхээ дээжийг жагсаалын үеэр дэлгэсэн юм.