А.Цогцэцэг сайдын цагаа олоогүй шийдвэр…

657

Элэгний хорт хавдрын өвчлөлөөр манай улс дэлхийд нэгдүгээрт эрэмбэлэгдэж байгаа. Өөрөөр хэлбэл, Монголчууд хэдэн үеэрээ өвчилж буй элэгний өвчлөл, вирусын тархалтыг үндсээр нь устгахын тулд үндэсний хэмжээний хөтөлбөр хэрэгжүүлэхэд хүргэсэн билээ. Тухайлбал, 2013 оноос өнөөг хүртэл “Оном сангийнхан энэхүү ажлыг санаачилж “Эрүүл Элэг” хөтөлбөрийн хүрээнд “Элэг бүтэн Монгол” аяныг зарлаж байсан билээ.

Тус сангийнхан уг хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 2030 он гэхэд 45,825 хүнийг элэгний хавдар, хатуурлаар нас баралтаас урьдчилан сэргийлээд зогсохгүй элэгний хорт хавдар үүсгэдэг вирусийг устгасан Дэлхийн анхны улс болно хэмээн үзэж өнгөрсөн оны гуравдугаар сарын 29-ны өдөр энэ ажлынхаа талаар олон нийтэд мэдээлэл хийж Элэгний вирустэй ч амьжиргааны түвшин доогуур, эдийн засгийн боломжгүй зэргээс болж эмчлүүлж чадахгүй байгаа олон мянган хүнд туслах зорилготой энэ аяны хүрээнд Монголынхоо банк санхүү, бизнесийн байгууллагуудад хандаж уриалга гаргаж “Элэг бүтэн Монгол” зөвлөлдөх хэлэлцүүлэг уулзалтыг зохион байгуулж, тодорхой үр дүнд хүрч байсан удаатай.

Гэтэл тус сангийнхан хийсэн ажлынхаа үр дүнгээ ийн үзэж байхад нь салбарын сайд А.Цогцэцэг өнгөрсөн гурав дахь өдрийн Засгийн газрын хуралдаанаар 352 сая төгрөг гаргуулж АНУ-аас ирсэн элэгний эмийн гаалийн татварыг төлж, улмаар Архангай аймагт үнэгүй тараахаар шийдвэрлэсэн нь олон хүнийг бухимдуулахад хүргэжээ.

Тодруулбал АНУ-ын “Гилеад сайнс” компанийн буцалтгүй тусламжаар нийлүүлж буй “Харвони” эмийг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Архангай аймгийн иргэдэд үнэ төлбөргүй олгохоор болсон нь өнгөрсөн долоо хоногийн онцлох сэдэв болсон билээ.

Өөрөөр хэлбэл, түүнийг хандиваар орж ирсэн эмийг жалга довны үзэл гарган Архангай аймагт бүгдийг нь хуваариллаа хэмээн олон нийт эсэргүүцэх болсон юм. Ямартай ч энэ шийдвэрийг эсэргүүцэж Өвчтөн нийгмийн төлөөллийн зөвлөл ТББ болон “Оном” сангаас өчигдөр хэвлэлийн хурал хийж дараах мэдээллийг өгсөн юм.

Тэдний хэлж буйгаар уг эмийг “Гилеад сайнс” компани буцалтгүй тусламж болгож буурай хөгжилтэй орнуудад олгодог бөгөөд манай оронд ирж буй 6,000 хайрцаг эмийн татвар зэргийг Засгийн газраас чөлөөлөөд байгаа аж.

Д.НАРАНБААТАР: ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫГ УДИРДСАН САЙД ХҮН АСУУДАЛД ИНГЭЖ ХУУМГАЙ ХАНДАЖ БОЛОХГҮЙ

Түүнчлэн дээрх вирусээр хамгийн их өвчлөгсөд нь эмч, эмнэлгийн ажилтнууд байдаг бөгөөд тэднийг эмчилснээр хавдар илт багасна гэж үзэж байгаа юм байна. Хэдий төрөөс вирусийн эмчилгээнд зориулан 210 мянган төгрөг хөнгөлдөг ч үлдсэн 495 мянган төгрөг, шинжилгээ оношилгооны төлбөрийг төлөхөд эмчийн цалин хаанаа ч хүрдэггүй гэнэ.

Тиймээс тэд хандиваар орж ирж буй элэгний В, С вирусийн “Харвони” эмийг эхний ээлжид вирусээр өвчилсөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, амьжиргааны түвшин доогуур иргэд, эмч эмнэлгийн ажилчдад олгохыг шаардаж байв.

Энэ талаар “Оном” сангийн ТУЗ-ын дарга Д.Наранбаатар “АНУ-аас хандиваар 6,000 ширхэг, 2,000 хүний “Харвони” эм орж ирсэн. Гэтэл Эрүүл мэндийн сайд А.Цогтцэцэг өөрийн нутаг болох Архангай аймгийн 45-аас дээш насны иргэдэд тараах шийдвэр гаргасныг эсэргүүцэж байна. ЭМЯ-наас гаргасан 2015 оны албан ёсны судалгаанаас үзэхэд элэгний хавдрын шалтгаант нас баралт Сүхбаатар, Дундговь аймагт хамгийн өндөр байгаа бол элэгний хавдрын өвчлөлөөр Архангай аймаг хамгийн бага үзүүлэлттэй байдаг.

Түүнчлэн ЭМЯ-ны 2017 оны төсвийн гуравны нэг нь Архангай аймагт зарцуулахаар болсон гэсэн мэдээлэл бидэнд ирсэн. Эрүүл мэндийн салбарыг удирдсан сайд хүн зөвхөн өөрийнхөө эрх ашиг болон улс төрийн үүднээс асуудалд хандаж байгаад харамсаж байна. Хэрэв нэг аймгаас эхлэн өвчлөлийг зогсоохоор шийдсэн бол өвчлөл ихтэй аймгаас эхлэх ёстой” хэмээсэн юм.

САЛБАРЫН САЙД НЬ ЭЛЭГНИЙ ЭМИЙГ ТАРААХАД ЖАЛГА ДОВНЫ ҮЗЭЛ ГАРГАСАН УУ

Яг үнэндээ 2015 онд Эрүүл мэндийн хөгжлийн төвийн хийсэн судалгаагаар Архангай аймаг элэгний хорт хавдар, өвчлөл, нас баралтын үзүүлэлтээр 13 дугаарт бичигдэж байсан байна. Элгэний өвчлөл, нас баралтын үзүүлэлтээр Сүхбаатар аймаг тэргүүлж, Дундговь, Дорнод, Увс, Булган, Говь-Алтай, Хөвсгөл, Баянхонгор, Завхан, Төв, Дархан-Уул, Орхон, Архангай аймгууд эрэмбэлэгдэж байжээ.

Эдгээрээс Сүхбаатар аймаг нас баралтаараа хоёр дахин өндөр үзүүлэлттэй байсаар атал А.Цогцэцэг сайд өвчлөл ихтэй аймаг орон нутагт өгөлгүй эхний ээлжид ирсэн 1,000 тун буюу 3,000 хайрцаг “Харвоны” эмийг Архангай аймагтаа тараахаар болсон нь яалт ч үгүй жалга довны үзэл гаргажээ гэж харагдахаар байгаа юм.

Уг нь хийж буй ажлаа мэддэг салбарын сайд эхлээд хөгжлийн бэрхшээлтэй болон амьжиргааны баталгаажих төвшин доогуур иргэдэд эхний ээлжид энэ эмийг олгох шаардлагатай гэдгийг мэдмээр юм. Ямартай ч гурван сая Монголчуудын эрүүл мэндийн асуудлыг хариуцдаг сайд хүн өөрийнхөө гараар ийм шийдвэр гаргаж байгаа нь үнэхээр харамсалтай.

Дээрх мэдээллийг хийсний дараа ЭМЯ-ны Эм, үйлдвэрлэл, технологийн газрын дарга Л.Мөнхтуяа дараах мэдээллийг өгсөн юм. Тэрбээр “Архангай аймгийн 45-60 насны иргэдэд “Харвони” эмийг олгохоор болсон нь ЭМЯ-ны шийдвэр биш. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг “Элэгний С вирусгүй Архангай” төслийг санаачлан хэрэгжүүлэхээр болж, АНУ-ын “Гилеад сайнс” компанийн төлөөлөгчидтэй уулзан, хүсэлт тавьсныг тус компани хүлээн авч, 3,000 ширхэг Харвони эмийг үнэ төлбөргүйгээр хандивлахаа мэдэгдсэн.

Энэ ажлын хүрээнд энэ сард “Гилеад сайнс” компани 1,000 хүн тун буюу 3,000 хайрцаг эмийг ирүүлсэн. Үүнийг Засгийн газраас дэмжиж тус эмийг гаалийн татвараас хөнгөлж, төслийг дэмжсэн” хэмээх тайлбарыг өглөө.