Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин сайдын яам Токио хотноо “Монголд хөрөнгө оруулах нь” чуулга уулзалт зохион байгуулдаг. Энэ уулзалтын төлөөлөгч болон хувийн хэвшлийн төлөөлөгчдөд зориулсан, “Бизнесийн мэдээлэл солилцох уулзалт” ирэх сарын 8-нд Токиод болох юм байна.
“Монголд хөрөнгө оруулах нь” чуулга уулзалтад оролцохоор УИХ-ын гишүүн, Засгийн газрын холбогдох албан тушаалтан, хувийн хэвшил, бизнесийн байгууллагын төлөөлөл нийт 60 гаруй хүн Японыг зорино. Уул уурхай, банк санхүү, үл хөдлөх хөрөнгө, худалдаа, хөдөө аж ахуй зэрэг салбарыг хамарсан хувийн хэвшлийн 30 гаруй компанийн төлөөлөл оролцох болжээ.
Энэ онд Монгол-Японы хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулж, хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. Энэ хэлэлцээр хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөтгөн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой. Иймд Японы бизнесийн салбарынхантай уулзаж, компани, бизнес санал, төслөө танилцуулах, мэдээлэл солилцох боломж олгох зорилгоор энэ уулзалтыг зохион байгуулдаг юм.