Эдийн засгийн хүндрэлээс гарах онцгой хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэсэн Засгийн газар ОУВС-г хүлээж байна.
Уг нь энэ сарын 20-нд ирнэ гэсэн ОУВС-гийн төлөөлөгчид ирээгүй байгаа бөгөөд энэ долоо хоногийн сүүлчээр ирэх тухай Сангийн яамнаас мэдээллээ. Одоо ирэх төлөөлөгчидтэй зээлийн гол гол тохироог хийх юм.
Блүүмбергээс 2017 оны ДЭЗЧ-ны үеэр санхүүгийн хямралд орох хамгийн өндөр эрсдэлтэй орны нэгээ Монголыг нэрлэсэн. Энэ нь дэлхийн зах зээлээс Монголчуудад өгч буй оноо юм. Энэ үнэлгээг сайжруулах, улс орноо өрийн хямралаас аврахын тулд хямд, урт хугацаатай зээлолох шаардлагатай байгаа.
Манай улс хэд хэдэн томоохон оронд зээлийн хүсэлт тавьсан ч шийдэгдээгүй байгаа юм. Энэ талаар “Гадны орнууд ОУВС-гийн хөтөлбөр хэрхэн хэрэгжихээс хамаарч, зээлийн хүсэлтийг шийдэж болно гэсэн ерөнхий хариу өгч байгаа. Энэ утгаараа Сангийн яам, Засгийн газрын зүгээс ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах хэлэлцээрт өндөр ач холбогдол өгөн ажиллаж байна” хэмээн Сангийн сайд Б.Чойжилсүрэн өчигдөр Төрийн ордонд сэтгүүлчдийн асуултад хариулахдаа онцлов.
Засгийн газраас тэр хүртэл нүүрсний үнийг нэмэх зэрэг тодорхой зарим арга хэмжээг аваад байгаа ч өрийн тогтвортой байдлыг хангахын тулд дээр дурдагдсан ЗЭЭЛ чухал нөлөөтэй тул ийнхүү хүлээж байна.
Манай улс өмнө нь хоёр удаа ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж байсан бөгөөд тухайн үедээ хүндрэлийг богино хугацаанд даван туулж чаджээ. Нөгөө талаас ОУВС-гийн хөнгөлөлттэй зээлд бид хамрагдвал төсвийн зарцуулалтын чанга дэглэмд орох шаардлагатай. Мөн татвар нэмэх зэрэг алхмууд хийгдэж магадгүй гэсэн таамаглалыг эдийн засагчид дэвшүүлж байна.