Оффшорыг зохицуулах хууль 39,800 хүнд үйлчилнэ

489

-Харин Монгол Улсыг гадаадад төлөөлөн суугаа Элчин сайд, Дипломат төлөөлөгчийн газрын ажилтнууд гадаадад данс эзэмших эрх нээлттэй-

Оффшортой холбоотой асуудлыг зохицуулах Сонирхлын зөрчлийн тухай хуулиар УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам хамтран өчигдөр Төрийн ордонд хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд оролцлоо.

Дээрх хуулийг батлан гаргах зайлшгүй шаардлага үүссэн нь одоогоор оффшортой холбоотой асуудлыг зохицуулсан хууль Монгол Улсад байдаггүйтэй холбоотой аж.

Хуулийн төсөлд тусгаснаар төрийн өндөр дээд албан тушаалтнууд мөн төрийн албаныхан оффшор бүсэд данс нээлгэх, хувьцаа эзэмших, мөнгөн хөрөнгө байршуулах, хуулийн этгээд байгуулахыг хориглож байна.

Нийтдээ 39,800 хүнд энэхүү зохицуулалт хамаарна. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын гишүүд, яам, агентлагийн газрын дарга, төрийн өмчит компанийн захирлууд, аймаг, нийслэлийн Засаг дарга, УИХ-ын Байнгын хороодын нарийн бичгийн дарга, референт, хуулийн байгууллага зэрэг Авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг бүхий л хүмүүст үйлчилнэ.

Харин Монгол Улсыг гадаадад төлөөлөн суугаа Элчин сайд, Дипломат төлөөлөгчийн газрын ажилтнууд гадаадад данс эзэмших эрх нээлттэй. Мөн төрийн албан тушаалтан гадаадад эмчлүүлэх болбол данс нээлгэж болно. Гэхдээ үүнийгээ Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тайлагнах үүрэг хүлээж байна.

Хэрвээ хуульд заасан зохицуулалтыг дээрх субъектүүд зөрчвөл албан тушаалаасаа чөлөөлөгдөх болон халагдана. Төрийн мөнгөөр хөрөнгөжиж, түүнийгээ оффшор бүсэд байршуулж хөрөнгөжсөн бол Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээх зохицуулалт төсөлд тусгалаа олоод байна.

Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзоригийн мэдээллээр бол 1990 оноос хойш Монгол Улсад 14.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирснээс 8.2 тэрбум ам.доллар нь оффшор бүсэд хамаарах орнуудтай холбогдох аж.

Энэхүү хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатарын тайлбарласнаар бол УИХ-аар төслийг хэлэлцэх шатанд хоёр асуудал дээр гишүүд онцгой анхаарах ёстой гэж үзжээ. Нэгдүгээрт, хөрөнгө орлогын мэдүүлэг гаргагч нь гэр бүлийнхээ гишүүдийн нэр дээр оффшор данс эзэмшихийг бүр мөсөн хориглох.

Хоёрдугаарт, Өршөөлийн хууль баталж, оффшор бүсэд хөрөнгө эзэмшдэг бол түүнийгээ мэдүүлэн, улсдаа оруулж ирэн, өршөөлд хамруулах гэсэн асуудлыг тавьж буй аж.

Нэгдүгээр асуудлын тухайд, төрийн албан хаагчийн ах дүү, хамаатан саданг гадаадад данс эзэмшихийг хоригло гээд хууль гаргах нь 1966 оны эдийн засгийн соёлын эрхийн факт, Үндсэн хууль, бусад хүний эрхийн тухай баримт бичгүүдэд заасан жам ёсны эрхийг зөрчиж, хууль зөрчих нөхцөл үүсэх аж.

Хоёр дахь асуудлын хувьд УИХ-аас 2015 онд Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг батлан гаргасан. 2008 онд Татварын өршөөлийн хуулийг баталсан. Өршөөлийн хуулийг ойр, ойрхон гаргах нь өрөөсгөл гэнэ.

Одоогоор дэлхийн 200 гаруй орноос оффшортой холбоотой асуудлыг зохицуулсан хуультай орон цөөн байна. ОХУ, Хятад улс хоёр энэ асуудалд хатуу байр суурь барьдаг. Тодруулбал, төрийн өндөр дээд албан тушаалтнууд, төрийн тодорхой алба хашдаг албан тушаалтнууд оффшор бүсэд данс эзэмших, хөрөнгө байршуулах, хуулийн этгээд байгуулахыг хуулиар хориглодоггэнэ.

УИХ-аар хуулийн төслийг хэлэлцэх шатанд энэ хуулийг мөрдөх албан тушаалтнуудын хүрээллийг багасгах нь зөв гэсэн санал гарчээ. Тиймээс төрийн өндөр дээд албан тушаалтнуудаас гадна яам, агентлагийн газрын даргаас дээших албан тушаалтнуудад эл хууль үйлчилдэг байхаар зохицуулж болох юм гэж үзэж буй аж.

Гэхдээ энэ нь эцсийн байдлаар шийдэгдээгүй байна. Хэлэлцүүлгийн шатанд иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс “Татвар хураалтыг сайжруулах нь чухал.

Түүнийг дагаж татварын эрх зүйн орчныг сайжруулах ёстой” гэсэн санал илэрхийлсэн бол Улсын ерөнхий прокурорын орлогчийн зүгээс оффшортой холбоотой асуудлаар иргэдээс гомдол ирж, энэ асуудлаар нь гадаадад орнуудад хандан, эрх зүйн туслалцаа үзүүлэхийг хүсэхэд “Ямар нэртэй банкинд, хэдэн тоот дансанд мөнгө байршиж байна вэ” гэдгээ илүү тодруулах шаардлагатай” гэх илүү дэлгэрэнгүй мэдээллийг хүсч, тэр хэрээр тухайн улс оронд нь тагнах ажиллагаа явуулах уу, яах вэ гэдгээс эхлээд олон асуудалтай тулж байгаа” гэдгийг тодотгосон юм.