Шинэ чулуун зэвсгийн үеийн хүний генийг судалсан эрдэмтэд анх удаа орчин үеийн Солонгос хүний угсаа гарлыг тодруулснаа өчигдөр зарлажээ.
Судалгааг Улсаны Шинжлэх Ухаан, Технологийн Үндэсний Их Сургуулийн судлаачид Их Британи, Орос, Германы эрдэмтэдтэй хамтран хийсэн байна.
Тэд Оросын алс дорнодын Түмэн голын хөвөөнд орших “Чөтгөрийн үүд” хэмээх нэртэй агуйгаас олдсон 7,700 орчим жилийн өмнө амьдарч байсан эмэгтэйн генид шинжилгээ хийсэн юм.
Үүнийгээ тэд дэлхийд анх удаа зүүн Азийн олдвор дээр хийсэн генетикийн шинжилгээ гэж үзэж байгаа аж.
Ингээд Азийн олон үндэстний генитэй харьцуулж үзэхэд Вьетнам, Тайваний уугуул иргэд ба агуйн эмэгтэйн генийн хольц нь өнөө үеийн Солонгос хүнийхтэй хамгийн сайн таарч байжээ.
Өөрөөр хэлбэл Солонгос хүний эртний өвөг нь Алс Дорнодын хүмүүс ба Вьетнам, Тайваний уугуул иргэдийн дундаас бий болсон гэж үзсэн байна.
Агуйгаас олдсон эмэгтэй нь өнөөдрийн Солонгос хүмүүстэй тун ижил шинж чанартай байгаа нь зүүн Азийнхан гадны хүмүүстэй бага холилдсоных гэжээ. Харьцуулбал Евразийн төв ба баруун хэсгийн хүмүүс дайн тулаан, нүүдэл суудал их хийдэг байснаас эртний гениэ хадгалж үлдээгүй гэж үзэж байгаа юм.
“Чөтгөрийн үүд” агуйгаас олдсон эмэгтэйн үр удам нь өнөөгийн Оросын алс дорнодод амьдардаг, тунгус хэлтэй Улчи хэмээх үндэсний цөөнх гэгддэг.
Эдгээр хүмүүс нь мөн орчин үеийн Солонгос хүмүүстэй ижил шинж чанартай байдгийг судлаачид мөн өгүүлжээ.
Судалгааны үр дүн хоёрдугаар сарын 1-ний Science Advances сэтгүүлд нийтлэгдсэн байна.
Эх сурвалж: Korea Times