Алт олборлолтын хэмжээгээрээ Монгол Улс Ази тивдээ эхний зургаад бичигдсэн байна.
“GFMS Gold Survey” 2015 онд алт олборлолтоороо тэргүүлсэн улс орнуудын жагсаалтыг гаргасан бөгөөд түүнд дээрх үзүүлэлтийг тусгажээ. Ази тивийн олборлосон нийт алтны 91 хувийг ердөө зургаан орон олборлодог байна.
Жагсаалтын тэргүүнд манай урд хөрш БНХАУ 458.1 тонн алт олборлосон үзүүлэлтээр нэрлэгдсэн бол араас нь Индонези улс 134.3 тонн алт олборлосон амжилтаар бичигджээ. Тус улсад дэлхийн хамгийн алдартай, том алтны уурхай “Grasberg” үйл ажиллагаа явуулдаг нь үзүүлэлт өндөр гарах хүчин зүйл болдог байна.
Гуравдугаарт Төв Азийн Узбекистан улс 83.2 тонн, дөрөвдүгээрт Казахстан 47.5 тонн, тавдугаарт Филиппин 46.8 тонн алт олборлосон үзүүлэлтээр Монгол Улсын урд оржээ. Монгол Улс 2015 онд 15 тонн алт олборлосон юм.
Дэлхийн хэмжээнд алт олборлолт 2015 онд өмнөх оныхоосоо нэг хувиар өсч, 3.158 тоннд хүрсэн аж.