Японы Никкей сонинд мэдээлснээр Apple компани өөрийн хоёр том үйлдвэрлэлийн түнш болох Foxconn, Pegatron компаниудаас iPhone утасны үйлдвэрлэлийг АНУ-д шилжүүлэх боломжийг судлахыг хүссэн байна.
Эдгээр компаниуд нь iPhone утасны гол угсрах ажлыг хариуцдаг бөгөөд Foxconn компани энэ талаар судалж байгаа бол Pegatron компани зардал өндөр болох тул боломжгүй гэсэн хариу өгөөд байгаа гэнэ.
Apple-ийн хүсэлт өнгөрсөн зургаадугаар сард үйлдвэрлэгч нарт ирсэн нь Дональд Трампыг сонгуульд ялахаас өмнө гэсэн үг юм. Гэхдээ Дональд Трамп энэ оны эхнээс Apple-ийн үйлдвэрлэлийг Нэгдсэн Улсад шилжүүлэхийг шаардсан утгатай үгийг олны өмнө байнга хэлж байв. Тухайлбал нэгдүгээр сард Трамп Либерти Их сургуульд үг хэлэхдээ “Бид Apple-ийн бүтээгдэхүүнүүдийг өөр улсад биш, Америкт үйлдвэрлүүлдэг болгоно” гэж байжээ.
Никкейн дүгнэж байгаагаар iPhone-ийг АНУ-д үйлдвэрлэхэд зардал нь даруй 50 хувиар өсөх аж. Өмнө нь Моторола компани гар утасны үйлдвэрлэлээ Америкт шилжүүлж байсан. Гэвч энэ туршилт хэт өндөр зардалтай болсноор 2014 онд үйлдвэрээ хаахад хүрч байв.
Apple-ийн хувьд өмнө нь 2013 онд Mac компьютерийнхаа зарим үйлдвэрийг Нэгдсэн Улсад шилжүүлж байсан ба үүний тулд $100 саяын хөрөнгө оруулалт хийж байсан юм. Харин iPhone-ийг шилжүүлэх бол үүнээс хамаагүй их зардал гаргах нь тодорхой байна.
Эх сурвалж: The Verge