Ховд аймгийн Булган суманд энэ сарын 8-ний өдрөөс цас үргэлжлэн орсны улсаас тус сум зудын байдалд оржээ. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан сумын Засаг дарга Б.Амгаланбадрахаар ахлуулсан ажлын хэсэг зохих арга хэмжээг авч ажиллаж байгаа аж. Одоогоор Булган сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд 100 см цасан бүрхүүл тогтсон, зам харгуй хаагдсан, эрсдэлтэй орчинд тусгаарлагдсан 333 хүн, 97744 толгой малын амь нас, эрүүл мэндэд ноцтой аюул учрах нөхцөл үүсчээ. Тус сумын удирдлагууд аймгийнхаа онцгой комист хүсэлт тавьж, сурагчдын хичээлийг долоон хоногоор хойшлуулах шийдвэр гаргуулсан байна.
Мөн тус суманд үүссэн нөхцөл байдал сумын дотоод хүчин чадлаас давсан учир өвс тэжээлийн асуудалд анхаарах, үүнээс үүдэн малчид малаа цөөлөхөөр нядалгаанд оруулж байгаа учир малын махыг улсын нөөцөд авч борлуулахад туслах, айл өрхүүд түлшний хомсдолд орж болзошгүй байгааг харгалзаж Хөшөөтийн уурхайгаас хямд үнээр нүүрс татаж айл өрхийг нүүрсээр хангах, цасанд боогдсон мал хүнийг татаж авахад шаардагдах шатахууны асуудлыг шийдэх, хүн эмнэлгийн хүчин чадлыг нэмэгдүүлэх талаар орон нутгийн удирдалагууд улсын онцгой байдлын комист хүсэлт гаргажээ.
Г.ХОРОЛ