Рекс Тиллерсоныг Төрийн нарийн бичгийн даргаар томиллоо

598

ВАШИНГТОН./Reuters/. Рекс Тиллерсоныг Төрийн нарийн бичгийн даргаар томилохыг АНУ-ын Сенатын танхимын гишүүд дэмжлээ.

ОХУ-тай харилцаагаа бэхжүүлэхийн тулд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ албан тушаалд бизнесмэн Тиллерсоны нэрийг дэвшүүллээ гэж ажиглагчид үзэж байсан юм.

Газрын тос, нефть олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “ExxonMobil” компанийн захирал асанг Төрийн бичгийн даргаар томилох эсэхийг шийдэх санал хураалтыг лхагва гарагт явуулахад Сенатын танхим дахь Бүгд Найрамдах намын гишүүд бүгд дэмжсэн бол Ардчилсан намынхан бараг бүгдээрээ эсэргүүцсэн байна.

Оросын төрийн мэдлийн нефтийн томоохон компанитай гэрээ байгуулахад Тиллерсон гол үүрэг гүйцэтгэж байжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2013 онд түүнийг төрийн дээд шагнал болох “Найрамдлын одон”-гоор шагнаж байсан аж.

ОХУ болон БНХАУ-тай Тиллерсон хэрхэн харилцах нь ажиглагчдын анхаарлыг татаж байна.

Ерөнхийлөгч Д.Трамп ОХУ-тай харилцаагаа бэхжүүлэх сонирхолтой байгаагаа нэг бус удаа илэрхийлж байсан билээ.

Орос улс Крымыг өөртөө нэгтгэсэн болон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Москва хөндлөнгөөс оролцсон гэх дуулиан шуугиантай холбоотойгоор хоёр улс хоорондын харилцаа хөндийрөөд байгаа билээ.

Тиллерсон бол Д.Трампын засгийн газрын гишүүнээр томилогдсон дөрөв дэх хүн юм.

Засгийн газрын бусад гишүүн, тэдний дотор Сангийн сайдын томилгоог батлах явц удаашралтай байна.

Томилгоог аль болох түргэн хийхийг Д.Трамп Сенатын танхимаас хүсчээ.

Г.Доржханд