“Эрдэнэс Тавантолгой”-г бодитоор нь ашиглаж чадсан бол аль хэдийн хүмүүсийн гар дээр хувьцааны ногдол ашиг очих бүрэн боломжтой гэдгийг эдийн засагчид онцолдог.
Тэгвэл үүнд хариулт авахаар Эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клубээс “Эрдэнэс Таван толгой” компанийн хувьцааг хөдөлгөх арга замууд” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулсан юм.
Өнөөдрийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн 10 тэрбум хувьцааны 80 хувийг төр, 14 хувийг иргэд, 0.6 хувийг ААН эзэмшиж байна гэсэн тойм тоог холбогдох албаныхан өгч байна. 2011 оны гуравдугаар сарын 31-нээс хойш төрсөн Монгол Улсын иргэн бүр тус компанийн хувьцаа эзэмших эрх албажуулаагүй байгаа учраас хэдэн иргэн 1072 хувьцааг эзэмшиж байна вэ гэдгийг тогтоох боломжгүй. Түүнчлэн оюутнуудын сургалтын төлбөрийг нь хөнгөлөх замаар зарим хувьцааг нь авч, ахмадуудад 1.5 сая төгрөг бэлнээр өгсөн нь тоог нарийвчлан гаргахад хүндрэлтэй гэдгийг “Эрдэнэс таван толгой” компанийн Хувьцаа хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Цэндмаа хэллээ. Тэрээр Таван толгойн хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээрийн үр дүн 1072 хувьцааны хувь заяаг шийднэ гэв.
Энэ үеэр Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Б.Өлзийбаяр ярихдаа, “1072 хувьцааны өгөөжийг хүртэхийн тулд “Эрдэнэс тавантолгой компанийн зарчмаар ажилламаар байна. Өөрөөр хэлбэл улс төрөөс ангид, мэргэжлийн баг ажиллавал энэ хувьцааны үр өгөөжийг иргэд хүртэнэ. Үнэндээ зургаан жил хувьцаатай ч юм шиг үгүй ч юм шиг явж ирлээ. Энэ хугацаанд ямар ч өөрлчлөлт орсонгүй. Наад зах нь хувьцааг зарах, худалдан авах, өвлөх эрх алга. Үүнийг нэг тийш нь болгох цаг ирсэн” гэв.
Харин “Эрдэнэс таван толгой” компанийн Хувьцаа хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Цэндмаа, “Таван толгойн орд 7.3 тэрбум тонн нүүрсний нөөцтэй ч дэд бүтэц хөгжөөгүй. Дэд бүтцийг хөгжүүлэхэд 300-400 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Дээрх хөрөнгийг дотоодоос босгох боломжгүй. Эрдэнэс Тавантолгойн хувьцааг гадны хөрөнгийн биржид арилжъя гэхэд зардал өндөр гээд бэрхшээлтэй байнга нүүр тулж байна” хэмээн тодотголоо.
Юуны өмнө Хөрөнгийн биржид ЭТТ компанийг бүртгүүлснээр хаалттай биш нээлттэй ХК болгох нөхцлийг бүрдүүлэн анхдагч арилжааг эхлүүлснээр иргэд хувьцаагаа худалдах, өвлүүлэх эрх үүснэ гэдэгт оролцогсод санал нэгдэв.
“Эрдэнэс таван толгой” компанийн санхүүгийн үзүүлэлтээс үзвэл тус компани Чалкод 76 сая ам.доллар, Хөгжлийн банкинд 200 сая ам.долларыг төлөх аж. Нүүрсний үнэ өсч, нийгэмд “Эрдэнэс таван толгой” компанийн орлого нэмэгдэх хүлээлт буй бөгөөд энэ оны эхний улиралд багтаан Монгол Улс БНХАУ-ын Чалко компанид өрөө бүрэн төлж дуусах юм байна.
Б.Заяа
Гэрэл зургийг Т.Чимгээ