Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл /МБЗ/ өнгөрсөн оны сүүлээр хуралдаж, бодлогын хүүг нэг нэгжээр бууруулж, 14 хувьд хүргэх шийдвэр гаргасан.
Үүнтэй холбоотойгоор Мөнгөний бодлогын зөвлөлийн хараат бус гишүүн Б.Баттүшигтэй ярилцлаа.
-Мөнгөний бодлогын зөвлөл хуралдаж, бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулж, 14 хувь болгох шийдвэр гаргалаа. Ийм шийдвэр гаргах болсон үндэслэл, шалтгаан юу байв. Олон нийтийн дунд Төв банк бодлогын хүүг илүү их нэгж хувиар бууруулах болов уу гэсэн хүлээлт байсан?
-Инфляц ирэх онд зорилтот түвшнээс доогуур байж, эрэлтийн шалтгаантай инфляцын дарамт бага байхаар байна. Инфляцаас гадна эдийн засгийн бодит нөхцөл байдал зэрэг нь мөнгөний бодлогын хүүг 14 хувь руу буулгах шийдвэрт хүргэсэн. Тодруулбал эдийн засгийг дэмжиж өгөх буюу хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг зорьсон шийдвэр юм.
Одоохондоо бодлогын хүүг хамаагүй ихээр буулгаж болохгүй. Яагаад гэвэл ханш буцаад л тогтворгүй болох магадлалтай.
Мөнгөний бодлогын зөвлөл бүх гишүүнээсээ санал хурааж, олонхиороо хэлэлцээд нэг нэгж хувиар ч гэсэн буулгая гэх шийдвэр гаргасанд бүрэн санал нийлж байгаа. Өмнө нь Монголбанк 8 сард бодлогын хүүгээ 10.5-аас 15 хувь болгож нэмэгдүүлсэн нь валютын ханшийг тогтворжуулах зорилготой байсан. Тэр утгаараа бид одоохондоо бодлогын хүүг хамаагүй ихээр буулгаж болохгүй. Яагаад гэвэл ханш буцаад л тогтворгүй болох магадлалтай. Эдийн засаг сэргээд, төгрөгийн ханш сайн байх юм бол бид МБЗ-ийн хурлыг богино хугацаандхуралдуулж, дахин шийдвэр гаргах боломж бий. Тийм учраас яарсан эрсдэлтэй шийдвэр гаргахгүйн тулд 1 нэгж хувиар буулгасан.
-Нэгэнт тодорхой хэмжээнд эрсдэл байгаа юм бол бодлогын хүүг 15 хувьтай хатуу хэвээр хадгалж болоогүй юм уу?
-15 хувиар байлгаж болох байсан.Гэхдээ ойрын нөхцөлд хэд хэдэн зүйл сайжирч харагдаж байна. Гадаад худалдааны нөхцөл хүлээж байснаас илүү сайжирч байна.Энэ нь ам.долларын дотогшлох урсгал, төсвийн орлогод эерэгээр нөлөөлнө. Тэр тусмаа олон улсын зах зээл дээр нүүрс, зэсийн үнэ өсч байгаа нь манай улсын хувьд тун таатай мэдээлэл төдийгүй эдийн засгийн өсөлтийн хувьд эерэг төсөөллийг бий болгож байна. Тийм болохоор хүлээлт нэгэнт эерэг гарч байгаа тул бага хувиар буулгаж эхлэх нь зөв гэж шийдвэрлэсэн.
-Монголбанк Мөнгөний бодлогын хүүг нэмэгдүүлэх шийдвэрийгнаймдугаар сард гаргасан. Гэтэл ердөө 4 сарын дараа бодлогын хүүг буурууллаа. Өмнөх бодлогын шийдвэр үр дүнгээ өгсөн гэж харж байгаа хэрэг үү. Бодлогын хүүг ингэж ойр ойрхон бууруулж, эсвэл өсгөх нь хэр оновчтой юм бол?
-Би наймдугаар сард Мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүн болоогүй байсан тул шийдвэр гаргахад оролцоогүй. Гэхдээ тэр үеийн шийдвэр зөв байсан. Тухайн үед бодлогын хүүг нэмэдүүлсэн ньвалютын ханшийг тогтворжуулж, гадаад валютын нөөцийг хамгаалж, санхүүгийн тогтвортой байдлыг хадгалахад үр дүнгээ өгсөн шүү дээ. Бодлогын хүүг ойрхон бууруулж, өсгөх нь тийм том асуудал биш. Улс орнуудад эдийн засгийнхаа нөхцөл байдлыг харж байгаад хэдийд ч өөрчлөлт оруулж болдог. Сая ОХУ, Казахстан, Азербайджан гээд газрын тостой буюу уул уурхайгтүшиглэсэн эдийн засагтай орнуудын Төв банк ойр ойрхон, хэд хэдэн өөрчлөлтийг хийсэн. Зарим нь 1-2 сарын дотор ч өөрчилсөн байдаг.
-Цаашдаа мөнгөний бодлогын төлөв ямар байх вэ?Бодлогын хүү өсөх үү, буурах уу? Мөнгөний бодлогын зөвлөлирээдүйн эдийн засгийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэсэн бэ?
-Монголбанк эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан, судалгаа шинжилгээнд үндэслэсэн шийдвэр гаргадаг. Монголбанк бол мэргэжлийн институци гэдэг утгаараа маш чадварлаг мэргэжилтнүүдтэй. Үүгээрээ би суурь үндэслэл сайн судалгаатай байхад зөв шийдвэр гардаг гэсэн санааг илэрхийлэх гээд байгаа хэрэг. Тийм болохоор Эдийн засаг сайжирч, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, төсвийн сахилга бат сайн байх юм бол мэдээж бодлогын хүү буурах байх.
-Та Мөнгөний бодлогын зөвлөлийн хараат бус гишүүдийн нэг. Тэр дундаа хувийн хэвшлийг төлөөлж зөвлөлд ажиллаж байгаа. Тэгэхээр нийгэмд Мөнгөний бодлогын зөвлөлд бизнесийн төлөөлөл сууж болох уу гэх шүүмжлэл өрнөж байна. Та энэ талаар ямар тайлбар өгөх вэ?
-Би Чикагогийн Их Сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгсөөд Харвардын Бизнесийн Сургуульд мастерийн зэрэг хамгаалсан. Олон улсын банк, санхүүгийн байгууллагуудад ажиллаж байсан туршлага бий. Энэ хугацаандулс орнуудын эдийн засгийн төлөв, үүсээд буй нөхцөл байдал, хариу арга хэмжээ зэргийн талаар судалж, жижиг гэлтгүй санхүүгийн загварын өөрчлөлтүүдийг хийдэг байсан. Энэ бүх жижиг өөрчлөлт маань санхүүгийн загварыг бүрэн өөрчлөж, компанийн үнэлгээнд нөлөөлдөг байлаа. Зарим өдрүүдэд нойргүй ч хонож байсан удаатай. Гэхдээ зорилгынхоо төлөө мэдээж энэ зэргийн нойр асуудал биш. Тэр том санхүүгийн байгууллагуудаас туршлага судалж эзэмших нь миний гол зорилго байсан. Намайг эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлээр туршлагатай гэдэг шалгуураар 2016 оны 9 сард Мөнгөний Бодлогын Зөвлөлд ажиллах санал тавьсан. Мөнгөний Бодлогын зөвлөлийн хараат бус гишүүд ихэнхдээ судлаач,шинжээчдээс бүрдсэн. Төр засаг дангаараа бүх асуудлаа шийдээд эдийн засгийг өсгөж чадахгүй. Нөгөөтэйгүүр эдийн засгийг өсгөхөд хувийн хэвшлийнхэн буюу бизнес эрхлэгчдийн оролцоо зайлшгүй хэрэгтэй. Тийм ч учраас хараат бус гишүүнээр эдийн засгийг дотроос нь харж байгаа, бодит байдлыг илэрхийлэх, бизнес эрхлэгч хүмүүсийг сонгон, тэдний санал бодлыг сонсох нь зөв гэж боддог.
Миний хувьд бизнесийн салбарт, тэр дундаа худалдааны салбарт бизнес хийж байгаа болохоор хүнс, өргөн хэрэглээний барааны үнэ болон борлуулалт ямар байгааг мэдэж байгаа. Тэр утгаараа томоор нь харсан ч инфляцийн болон бусад статистик тооноос гадна бодит байдал дээр бизнесийн салбарт өрнөж байгаа нөхцөл байдлын талаар ярих үедээ ярьж, арилжааны банкууд нь яаж бизнес эрхлэгчидтэй хэрхэн хамтранажиллаж байгааг үйлчлүүлэгч харилцагч гэсэн талаас нь харж байдгаараадавуу онцлогтой гэсэн бодолтой байна.
Бизнес эрхлэгч хүний хувьдарилжааны банк бол бизнесийн хамтрагч, зээлийн хүү нь дарамт биш, боломж гэж ойлгодог. Энэ утгаараа хувийн хэвшлийнхэнд бол зээлийн хүү бага байх тусам сайн.Гэхдээ эдийн засаг нь өсөлттэй байх, бизнесийн орчинд боломж буюу ашигтай ажиллах илүү чухал асуудлууд бас бий. Хүмүүс өөрт байгаа бизнес санаагаа хөгжүүлэн, тодорхой хэмжээний туршлагатай болсныхоо дараа бизнес эрхлэн, улмаар улсаа хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахад арилжааны банкууд боломж олгох хэрэгтэй гэж боддог. Бусад улсын хөгжлийн нэг гол нөхцөл нь ч энэ байх.
Гэтэл Монголд заримбизнес эрхлэгчид банкны зээлийн хүүгээ төлж чадалгүй бизнесээ зогсоож, дахин бизнес хийх санаагаа хаяж байна.
-Өнөөгийн нөхцөлд мөнгөний хатуу бодлого хэрэгжиж байна. Бизнесийнхэнд хатуу бодлого хэрхэн нөлөөлж байна вэ. Нөгөөтэйгүүр эдийн засгийн хүндрэлийн үед мөнгөний бодлогын хүүг бууруулж, зөөлөн бодлого хэрэгжүүлэх ёстой гэсэн хүлээлт их байх шиг байна. Энэ талаар таны бодол?
-Бизнесийнхэнд хүндрэлтэй байгаа нь үнэн. Бизнесийн салбарынхан бодлогын хүүг бууруулж, мөнгөний зөөлөн бодлого хэрэгжүүлэх ёстой гэж бодож байгаа байх. Гэхдээ бодлогын хүүг буулгавал валютын ханшийн тогтворгүй байдал үүсч, өндөр хүүнээсээ илүү ханшийн алдагдал хүлээж эхэлнэ. Энэ бол өнөөдөр бодит байдал дээр байгаа асуудал.Банкны зээлийн хүүний төлбөрөөс илүү ханшийн зөрүүнээс алдагдал хүлээж байгаа маш олон компани байна. Эдийн засаг тогтвортой байх нь бизнесэрхлэгчид болон улс орны хувьд чухал асуудал. Тэр утгаараа би улс орныхоо эрх ашгийг бодож, эдийн засгийн нөхцөл байдлаас хамааран бодлогын хүүг өсгөх, бууруулах эсэхэд саналаа өгнө.
-Ярилцсанд баярлалаа.