ЗГ: Хүүхдийн мөнгө олгох журмыг өөрчилнө

634

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 15.00 цагт зарлагдсан бөгөөд нийт найман асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Мөн хоёр асуудалтай танилцахаар жагсаалтад багтаасан байна.

Хэлэлцэх асуудлын жагсаалтыг тодруулбал, Хүүхдийн мөнгө олгох журамд өөрчлөлт оруулах олгох асуудлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд оруулах аж.

Өнгөрсөн онд УИХ 2017 оны төсвийн хуулийг батлахдаа хүүхдийн мөнгийг бэлнээр 60 хувьд нь олгох шийдвэр гаргасан бол 40 хувьд нь 2018 оноос олгохоор болж, шийдвэрлэсэн юм. Тиймээс эл асуудалтай холбогдох журмыг өөрчлөх шаардлагатай болж буй.

Мөн хуралдаанаар Насны хишиг олгох журмыг батлах юм байна. Цагаан сараас урьтаж, 65-аас дээш насны ахмад настнуудад тэтгэврээс нь гадна насны хишиг олгох юм. Тодруулбал, 65-69 настай ахмад настанд 50 мянга, 70-79 настай ахмад настанд 80 мянга, 80-89 настай ахмад настанд 150 мянга, 89-ээс дээш настай ахмадад 250 мянган төгрөгийг тус бүр олгоно. Тэтгэмжийг жилдээ хоёр удаа буюу сар шинэ, үндэсний их баяр наадмын өмнө тус бүр олгож байхаар заасан. 2017 оны төсөвт 21 тэрбум төгрөг суулгасан юм.

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг дараах хүснэгтээс тодруулж харна уу.

Хэлэлцэх асуудал Засгийн газрын гишүүн
1. Улсын Их Хурлын даргын ОХУ-д хийсэн айлчлалын дүнгийн тухай Ц.МӨНХ-ОРГИЛ
2. Улсын Их Хурлын даргын Булангийн зарим оронд хийсэн айлчлалын дүнгийн тухай Ц.МӨНХ-ОРГИЛ
3. Тогтоолд өөрчлөлт оруулах тухай (Засгийн газрын 2008 оны 142 дугаар тогтоол) Н.НОМТОЙБАЯР
4. Журам батлах, журамд өөрчлөлт оруулах тухай (Хүүхдийн мөнгө олгох журам) Н.НОМТОЙБАЯР
5. Насны хишиг олгох журам батлах тухай Н.НОМТОЙБАЯР
6. Шинжлэх ухааны паркийн захиргаа байгуулах тухай Ж.БАТСУУРЬ
7. “Алт-2” үндэсний хөтөлбөр батлах тухай* Ц.ДАШДОРЖ
8. Бусад асуудал* Ж.ЭРДЭНЭБАТ
Танилцуулах асуудал
9. Ой тэмдэглэн өнгөрүүлсэн ажлын талаар Ц.МӨНХ-ОРГИЛ
10.  Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төслийн барилга байгууламжид хийсэн Улсын комиссын хяналт шалгалтын дүнгийн талаар Д.ГАНБАТ