УИХ-ын чуулганаар Донорын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжив. Хуралдаанаар УИХ-ын гишүүдийн илэрхийлсэн байр суурийг хүргэж байна.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
-Сайны хажуугаар саар гэгчээр хуулийн төслийг батлаад өгчихөөр хүний наймаа хийдэг бизнес цэцэглэх вий.
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг:
-Хүний наймааны асуудлыг зохицуулсан. Хуулийн 9 дүгээр зүйл заалтад бий.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:
-Хуулийн төсөл өнөө цагт ач холбогдолтой юм. Тиймээс Засгийн газар сайтар судалгаа хийсэн гэдэгт итгэж байна. Жам ёсоороо нас барж байгаа хүн гэрээслэл бичиж эд эрхтнээ хэрэгцээтэй хүнд бэлэглэх тухай хуулийн зохицуулалтыг тусгаж өгсөн юм байна лээ. Би хэсэг гишүүдийн хамт Донорын төвтэй танилцаад, үнэхээр бахархсан. 2006 оноос хойш 120 бөөр шилжүүлэн суулгасан байна лээ. Жилд 100 хүн гадагшаа явж байна. Үүнийг зохицуулах хууль гарч байгаа нь маш чухал.
УИХ-ын гишүүн Н.Амарзаяа:
-Хүүхдийн эхртэн шилжүүлэн суулгах асуудалд хэрхэн анхаарч байна вэ?
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг:
-Хүүхдийн элэг шилжүүлэн суулгах мэс заслын хэрэгсэл, оношилгоог үнэ төлбөргүй болгох чиглэлээр ажиллаж байгаа.
УИХ-ын гишүүн Н.Оюундарь:
-Хуулийн төсөл цаг үеэ олсон байна. Өвчин зовлон хэлж ирдэггүй хийсч ирдэг гэж ярьдаг. Донорын асуудалтай холбоотой нэг жилд 200 гаруй сая ам.доллар гадагшаа урсдаг гэж сонссон. Мэс заслын дараах эмчилгээ чухал байдаг учраас ЭМД-аас хөнгөлөлт олгох чиглэлд анхаарч өгөөрэй.
Хуулийн төсөл батлагдсанаар дараах ач холбогдолтой аж. Үүнд:
- Донорын үйл ажиллагааг зохион байгуулах удирдлагын тогтолцоо бий болж амьгүй донороос эрхтэнг шилжүүлэн суулгах болон цус, цусны бүрдэл, эсийг эмчилгээний зориулалтаар хэрэглэхээр авах, шинжлэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, хэрэглэх, экспортлох, импортлох, цусны байнгын донорын тоог нэмэгдүүлэх, эгнээг нь өргөжүүлэх, сурталчлах, урамшуулах, алдаршуулахад аж ахуйн нэгж байгууллага, албан тушаалтан, иргэдийн эрх, үүргийг нарийвчлан зохицуулахтай холбогдсон эрх зүйн орчин бүрдэнэ.
- Хүний эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний үр дүнд олон хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалан амьдрал бэлэглэж, тэдгээрийн амьдралын чанар нь эрс сайжирч эрүүл хүнтэй адил ажиллаж хөдөлмөрлөх нөхцөл бүрдэнэ.
- Донор болох зөвшөөрлийг нас барахын өмнө өөрөөс нь, нас барсны дараа гэр бүлийн гишүүн, төрсөн эцэг, эх, харгалзан дэмжигчээс нь тус тус авах, донорын эгнээг өргөжүүлэх, донорын зар сурталчилгаа болон зуучлалыг хориглож, хүний эрхтний наймаанаас сэргийлэх нөхцөл бүрдэнэ.
- Өөрийн оронд эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг хийлгэснээр гадаад руу гарах мөнгөн урсгалыг бууруулна.
- Донорын эс, эд, эрхтэн бүртгэх, хуваарилах, мэдээллийн нэгдсэн сан үүсэх, шударга хуваарилах боломж бүрдэнэ.
-
Үүдэл эсийн үндэсний банк байгуулагдсанаар цусны хавдар төдийгүй цус төлжилгүйдлийн цус багадалт, чихрийн шижин хэв шинж 1, аутизм, зүрхний өвчин, сөөрөг дархлааны (аутоиммунный) бүх өвчин, удамшлын болон бодисын солилцооны эмгэг зэрэг 280 гаруй өвчнийг эмчлэх боломжтой болно.