Ерөнхийлөгч Х.Баттулга цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа

1056

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цаг үеийн зарим асуудлаар сэтгүүлчидтэй уулзаж, тэдний асуултад хариулсныг дэлгэрэнгүйгээр хүргэж байна.

-НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 72 дугаар чуулганы үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцохгүй болсон талаар хэвлэл, мэдээллийн зарим хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр мэдээлэл явж байна. Яагаад оролцохгүй болсон шалтгаанаа та тайлбарлана уу?

-Дөнгөж сая энэ ширээн дээр бид Монгол Улсад 1976 оноос хойш ажиллаж байгаа НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газрын төлөөлөгчтэй уулзлаа. Уулзалтын явцад Монгол Улсын Ерөнхийлөгчийн институци, НҮБ хоёр шинэчилсэн арга барилаар ажиллая гэж санал нэгдлээ. Мөн ажилгүйдэл, ядуурал, байгаль орчны бохирдол буюу цөлжилт, хүүхдийн асуудал, агаарын бохирдол гэсэн таван том асуудлыг бид тойрч ярья. Арга барилаа өөрчилье гэж санал нэгдлээ.

Саяхан бид Хүнсний аюулгүй байдлын асуудлаар Үндэсний чуулган хийсэн. Монгол Улс НҮБ-тай Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын түвшинд байнга хамтарч ажилладаг. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцоогүйгээр ач холбогдлоо багасгаж байгаа биш. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тэгш тоотой чуулгануудад очих ёстой байх. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн энэ жилийн чуулган “Хүн төвтэй хөгжил” гэсэн ерөнхий сэдэвтэй. Сири, Хойд Солонгосын асуудлыг ярина. Тэр мэдээллүүдийг авч байгаа. Монгол Улсыг төлөөлж, Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил оролцож байгаа. ОХУ, Франц Герман зэрэг олон орон энэ чуулганд оролцоогүй юм билээ.

НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд жил бүр өмнөх Ерөнхийлөгч оролцдог байсан. Энэ удаад нэгд, Монгол Улсад өвөл ойртлоо. Хоёрт, Засгийн газар огцорчихсон байгаа. Өнөө маргаашгүй шинэ Засгийн газар бүрдэх асуудал яригдана. Энэ асуудалд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн Тамгын газар анхаарал тавьж байгаа. Ийм учраас энэ удаа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцсонгүй. Заавал оролцох ёстой гэсэн томъёолол байхгүй.

Давосын чуулга уулзалт нэгдүгээр сард болдог. Эхэлж тэндээс Ерөнхийлөгчийг, Ерөнхий сайдыг, Гадаад харилцааны сайдыг урина гэсэн урилгаа явуулдаг. Урилга одоогоор ирээгүй, явах хүний нэр тодроогүй учраас шийд гараагүй. Гэхдээ бид гадаад айлчлалуудыг судалж, Монгол Улсад аль нь ямар хэрэгтэй вэ гэдгийг судалсны үндсэн дээр айлчлал хийж байх юм. Ийм зорилготой байгаа шүү гэдгийг хэлье. Баярлалаа.

-Та УИХ-ын даргад ээлжит бус чуулган зарлаж Засгийн газрыг бүрдүүлэх талаар бичиг явуулсан. Энэ талаар асууя.

-Би Засгийн газар огцроод удлаа. Засгийн газраа түргэн байгуулж, Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчийг томил. Огцорсон Ерөнхий сайдаар үүрэг гүйцэтгэгч хийлгээд яваад байж болохгүй гэсэн анхааруулга, санааг агуулсан бичиг явуулсан.

-Та оффшор бүсэд данс бүхий хүмүүсийг 49 хоногийн хугацаанд мөнгөн хөрөнгөө Монголд оруулж ирэх уриалга гаргасан. Одоо мөрдөж байгаа хуулиар Засгийн газраас тогтоол баталснаас 3 сарын дараа мөнгөө татна гэсэн байна.

-Оффшор бүстэй холбоотой 49 хоногийн хугацаанд мөнгөн хөрөнгөө Монголд оруулж ирэх уриалгыг Ерөнхийлөгч болсныхоо дараахан зарласан. Тодорхой хугацаагаар ууч сэтгэлээр хандаж байгаа. Хуульгүй байсан учраас тодорхой мөнгөн хөрөнгө нуусан байсан бол 49 хоногтоо оруулж ирэх юм бол уучилъя гэсэн утгатай сануулга байгаа юм. Энэ хугацаа өнгөрсөн. Үүн дээр Авлигатай тэмцэх газар ажиллах ёстой. Яах гэж Авлигатай тэмцэх газрыг байгуулсан юм. Улстөрчдийн авлигын асуудлыг л олж ирэх гэж энэ байгууллага байгаа гэж боддог.

Харамсалтай нь энэ байгууллага өнөөдрийг хүртэл энэ дээр хуруугаа хөдөлгөхгүй байна. Эрх ашгийн сонирхол байна гэсэн дүгнэлт хийж байгаа юм. 49 хоногийн дараагаас би сэлэм гаргаад цавчаад яваад байна гэсэн үг биш. Энэ байгууллагыг би шахаж ажиллаж байгаа.

-Нүүрсний экспорттой холбоотой асуудал байна. Владивостокт хийсэн гэрээнээс үүдэлтэйгээр Хятадын тал худалдан авалтаа бууруулж байна гэсэн мэдээлэл сүүлийн үед сошиал ертөнц болон зарим хэвлэлээр явж байна. Хятадын Ардын Их Хурлын сонгууль болох гэж байгаа. Мөн “Монгол тээвэр” нэгтгэлээс танд гомдол гаргасан гэж сонссон. Та энэ талаар юу хэлэх вэ?

– Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой гомдлууд гараад эхэлж байгаа. Энэ гомдолтой холбоотой тайлбарууд их явж байх шиг байна. Би Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ч, Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа ч хөршийнхөө эсрэг ямар нэг мэдээлэл явуулаагүй. Сонгуулийн үеэр сошиалаар янз бүрийн зүйл явсан. Сошиал гэдэг бол ардчилсан орны хувьд бидний цензур тавиагүй, хааж зогсоогоогүй нэг сэдэв юм.

Ерөнхийлөгч болоод нэг сарын дараа МҮОНТВ-ээр ярилцлага өгөхдөө монголчуудын 80 орчим хувь нь буддын шашинтай. Буддын шашныхаа тэргүүнийг ирүүлэх, ирүүлэхгүй байх нь бидний дотоод асуудал гэж хэлсэн. Үе үеийн Ерөнхийлөгч нар ингэж ярьдаг. Энэ бол үнэн. Бид нарын дотоод, бурхан шашнаа шүтэх асуудалд битгий оролцоосой гэж ярьсан юм. Үүнийг гуйвуулж ярьж байгаа хэсэг бүлэг хүн байгаа.

Нүүрсний хувьд Монгол оронд эдийн засаг хямраад байх зүйл байхгүй. Нүүрсний үнийн өсөлт, бууралт дээр л бид эдийн засгаа томъёолж ярьдаг. Бид бодит эдийн засагтай байх ёстой. Бодит эдийн засаг гэдэг нь ажлын байрыг бий болгосон, нэмүү өртөг бий болгосон, нүүрснээс бусад бүтээгдэхүүн экспортолсон улс байх ёстой юм. Нүүрсийг нь боочихоор эдийн засаг нь уначихдаг улс орон байж болохгүй гэдгийг бид харах ёстой.

-Та Авлигатай тэмцэх газар хөдлөхгүй байна гэлээ. Хууль, хяналтын байгууллагынхантай халаа сэлгээ, хариуцлага ярих цаг болсон уу?

-Би өөрөө мэдэж хүн халж солих асуудал байхгүй. Санал болгодог. УИХ-аар ордог. УИХ өнөөдөр ямар байдалтай байна гэвэл нэн түрүүнд Засгийн газраа байгуулах ёстой.

-Шинэ бүрдэх Засгийн газрын танхимаас ямар хүлээлт байна вэ?

– Шинэ бүрдэх Засгийн газарт намынхаа дэвшүүлсэн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх чин зорилготой хүмүүс гараасай л гэж бодож байна.  Ийм Ерөнхий сайдтай болоосой. Эх орноо гэсэн, тамирчид шиг сэтгэлтэй хүмүүс гараасай гэсэн бодолтой байна. Эх орны тухай телевизийн өмнө ярьдаг биш, эх орноо чин зүрхнээсээ хайрладаг хүмүүс гараасай гэж бодож байна.

-Таныг сонгуулиар У.Хүрэлсүх сайд дэмжиж ажилласан уу?

-Мэдэхгүй, түүнийг өөрөөс нь асуу.

-Сайд нарын дан, давхар дээлийн талаар юу гэж бодож байна?

– Дан, давхар дээл бол өнөөдөртөө тулгамдсан асуудал биш. Өнөөдөр Монгол гэдэг баян орныг, энэ сайхан орныг хурдан босгоод авах сэтгэлтэй хүмүүс хэдэн ч дээлтэй байж болно. Сэтгэл байвал дээлгүй ч байсан болно. Баярлалаа.