Бичил схем үйлдвэрлэгч Интел корпораци өөрийн анхны 5G модемын чипийг “Goldridge” нэртэйгээр зохион бүтээж эхэлснээ өчигдөр зарлажээ.
5G буюу тавдугаар үеийн үүрэн холбооны сүлжээ нь гар утас болон бусад төхөөрөмжид олон гигабитийн хурдаар ажиллах боломжийг олгох юм. Интел корпораци өөрийн модемоо зөвхөн гар утсанд зориулахгүй, бас автомат жолоодлоготой машин, дрон, бусад мэдрэгч төхөөрөмжүүдэд нэвтрүүлэх ажээ.
“5G нь үүлэнд байрлах үлэмж хэмжээний мэдээлэлд хандаж, ухаалаг горимд ажиллах боломжийг олон тэрбум төхөөрөмжид олгох юм” гэж Интелийн мэдэгдэлд дурдсан байна.
Тус компанийн 5G модем 2017 оны хоёрдугаар хагаст туршилтын загвар болж гарах бөгөөд үүнийхээ дараа удалгүй үйлдвэрлэлд шилжинэ гэжээ.
Интел нь 5G модем зарлаж байгаа анхны компани биш. Өнгөрсөн онд Qualcomm дэлхийн анхны 5G модемыг зохион бүтээж эхэлснээ зарласан.
Тэд мөн туршилтын загвараа 2017 оны хоёрдугаар хагаст гаргаж, 2018 оны эхээр үйлдвэрлэлд шилжүүлэх юм.
Qualcomm өөрийн модемоо гар утасны интернэт холболтын хурдыг онолын хувьд 5 Gigabit/second хүргэнэ гэж амлаж байгаа. Гэхдээ 5G сүлжээ хэрэглэгчийн гарт хүрэх хугацаа тодорхойгүй байна. Учир нь 5G гэж яг ямар байх ёстойг дэлхий нийтээр нэгдсэн ойлголтод хүрч чадаагүй, сүлжээ талын үйлдвэрлэгчид бэлэн биш байгаа юм. Хэд хэдэн оператор компаниуд туршилт хийж байгаагаа одоогоор мэдэгдээд байна.
Интелийн хувьд мобайл чип үйлдвэрлэлээр Qualcomm-оос хоцорч яваа. Саяхан тэд анх удаагаа Apple-тай тохиролцоонд хүрч iPhone 7 загварт өөрийн чипийг суулгаж гаргасан. Тэгвэл бусад загварууд нь бүгд Qualcomm-ийн чиптэй үйлдвэрлэгдсэн байдаг.
Эх сурвалж: Forbes