Владимир Путин, Дональд Трамп нар улс орныхоо цөмийн зэвсгийн хүч чадлыг бэхжүүлэхээр уриалж байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Москвад болсон батлан хамгаалахын удирдлагын уулзалт дээр эх орон “Стратегийн цөмийн хүчээ бэхжүүлэх шаардлагатай. Үүний тулд одоогийн төдийгүй ирээдүйн ямар ч цөмийн хамгаалалтын системийг цөм цохиж чадахуйц пуужин хөгжүүлэх нь зүйтэй” талаар мэдэгдлээ. ОХУ-ын цэргийн хүч чадал нь тус улсад тулгарч болзошгүй ямар ч аюул заналыг сөрөн зогсох чадвартайг ноён Путин тунхаглав. Тус улс эдүгээ “Болзошгүй ямар ч түрэмгийлэгчээс илүү хүчирхэг” хэмээн “ТАСС” агентлаг мэдээлж байна.
АНУ цөмийн зэвсгийн хүчин чадлаа сайжруулахгүй бол болохоо больсныг ноён Путиний мэдэгдлээс хэдхэн цагийн дараа, АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдогч Twitter-тээ тайлбарлав. “Дэлхий ертөнцийг нухацтай бодлогоширтол нь АНУ цөмийн хүчээ бэхжүүлж, өргөтгөх ёстой” хэмээн ноён Трамп бичжээ.
Байлдааны цэнэгт хошууны тоог өсгөлгүйгээр АНУ-ын цөмийн хүчийг шинэчлэх одоогийн хөтөлбөртэй холбоотойгоор ноён Трамп уг тайлбарыг хийсэн эсэхийг асуухад шилжилтийн үеийн ажлын баг хариу өгсөнгүй. Гэхдээ АНУ-ын дараагийн засаг захиргаа “Цөмийн зэвсэг, кибер халдлагаас үүдэлтэй сүйрлийн аюулыг ухамсарлаж буй”-г Трампын шилжилтийн бэлтгэл хариуцсан вэбсайтад тайлбарлаж, уг аюулыг хязгаарлан тогтоох зайлшгүй шаардлагатайг анхааруулжээ. Ноён Трамп батлан хамгаалах салбарын төсөв, нэн тэргүүний зорилтыг хэлэлцэхээр лхагва гарагт Пентагоны удирдлагуудтай уулзсан юм.
Москва цөмийн зэвсгийнхээ хүч чадлыг ЗХУ-ын үеэс хойш анх удаа эрчимтэй нэмэгдүүлж эхэлсэн эгзэгтэй цаг үед ноён Путин дээрх тайлбарыг өгч байна. ОХУ нь АНУ-тай байгуулсан гурван ч цөмийн хэлэлцээрийг хүчингүй болголоо. Сирийн мөргөлдөөнийг Кубийн пуужингийн хямралтай харьцуулах аргаар тус улсын төрийн мэдлийн телевиз Вашингтон дайн дэгдээх гэж байгааг саяхан анхааруулав.
Цөмийн зэвсгийн талаарх Москвагийн байр суурь нь Трампын засаг захиргааг сүрдүүлэх, 2018 оны сонгуульд Путиний байр суурийг бэхжүүлэх зорилготойг зарим шинжээч тайлбарлаж байна. ОХУ сүүлийн жилүүдэд зэвсэгт хүчээ шинэчлэхэд үлэмжхэн хөрөнгө зарцуулдаг боллоо. Гэсэн ч НАТО-той харьцуулахад тус улсын ердийн зэвсэгт хүч тархай, тарамдмал хэвээр. Харин цөмийн зэвсгийн нөөцөөр АНУ-тай өрсөлдөх түвшинд. Хүйтэн дайны ид үетэй харьцуулахад хоёр улсын цөмийн зэвсгийн нөөц үлэмжхэн багассан болохоор уг салбарт дахин өрсөлдөөн эхлэхэд нэн тохиромжтой болжээ.
ОХУ-ын зэвсэгт хүч ноён Путиний өрнөдтэй сөргөлдөх бодлогод захирагдан Сири, Украинд үйл ажиллагаа явуулж байна. Оросын цэргүүд 2014 онд Крымийг эзэлсэн. Өнгөрсөн долоо хоногт Сирийн Засгийн газар ОХУ-ын дэмжлэгтэйгээр Алеппог эргүүлэн авсан нь таван жил үргэлжилж буй иргэний дайныг дуусгахад эргэлт боллоо.
Москва өнгөрсөн онд Ерөнхийлөгч Башар Асадын дэглэмийн төлөө Сирийн мөргөлдөөнд хутгалдсанаас хойш 35000 босогч, сөрөг хүчний 725 лагер устгасныг ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу мэдэгдсэн. ОХУ-ын зэвсэгт хүч Сирийн нутагт нийт 18800 удаа гэнэтийн дайралт хийж, 71000 удаа цохилт өгснийг ноён Шойгу тайлбарлаж байлаа.
Сирийн мөргөлдөөнд Москва 162 төрлийн байлдааны зэвсэг ашигласны нэлээд нь зэвсэгт хүчээ шинэчлэх ажлын хүрээнд бүтээсэн шинэ загвар. ОХУ цаашид цөмийн зэвсэгт хүчний гурван шинэ салбар нэгж, таван стратегийн бөмбөгдөгч бүтээх талаар ноён Шойгу нэмж өгүүлсэн юм.
Макс Седдон