Өвөлжилт хүндэрсэн аймгуудад Засгийн газраас санхүүжилт олгохоор болов

761

Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 26-нд Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж өвөлжилт хүндэрсэн аймгуудад Засгийн газраас санхүүжилт олгохоор болов.

Тодруулбал, зарим аймагт өвөлжилт хүндэрч, орон нутгаас тавьсан хүсэлт, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Засгийн газрын нөөц сангаас нийт 500 сая төгрөг хүртэлх хөрөнгө хуваарилж санхүүжүүлэхийг Сангийн сайдад зөвшөөрлөө.

Мөн хуралдаанаар

  • Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
  • Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэх шийдвэрлэв.
  • Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
  • УИХ-ын гишүүн Н.Цэрэнбатын санаачлан боловсруулсан Компанийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд дэмжсэн саналыг хуулийн төсөл санаачлагчдад уламжлахаар тогтов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.