Э.Бат-Үүл шинэ нам байгуулахаар зэхэж сууна уу!

760

Ардчилсан намын даргын сонгуулийн бэлтгэл ажил, гишүүдийн бүртгэлийн талаар намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, тус намын сонгуулийн хорооны дарга Ж.Оюунбаатар нар мэдээлэл хийлээ.

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр

-Ардчилсан намын үндсэн дүрмээр намын дарга өөрөө Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй. Намын дарга нь УИХ-ын сонгуульд амжилт гаргаж, Ерөнхий сайд болох кандидат юм. Яг одоогийн байдлаар 116 мянга 800 гишүүн шинэчилсэн бүртгэлдээ хамрагдаж, 1200 төгрөгийн татвараа төлсөн дүнтэй байна. Үүнээс харахад намын даргын сонгуульд 120-125 мянган гишүүн оролцоно гэж тооцож байна. Ардчилсан намын даргад нэр дэвшиж буй таван нэр дэвшигчдээ талархаж байгаагаа намын нийт гишүүдийн өмнөөс илэрхийлье. Нэр дэвшигчид орон нутагт ажиллаад ирэх болгонд уулзаж байгаа. Өчигдөр тэдэнтэй уулзаад цаашид ямар асуудалд анхаарч ажиллах тал дээр ойлголцсон. Тэдэнд хандаж нэр дэвших явцад үл ойлголцох, гомдох, сэтгэл эмзэглүүлсэн явдал гарахыг үгүйсгэхгүй. Олон улсад ч ийм тохиолдол гардаг. Тиймээс асуудалд хүлээцтэй хандаарай гэж уриалсан. Эцсийн дүнд Монголын ард түмэн хожих ёстой. Монголын улс төрийн нам шинэчлэгдэх ёстой гэдэг байр сууриа илэрхийлсэн” гэлээ.

Мөн тэрбээр Ардчилсан намаас аливаа санал асуулга, чансаа тогтоох судалгаа явуулахгүй, Фейсбүүк, цахим сайтаар явж байгаа санал асуулгын дүнг манай нам албан ёсоор үгүйсгэж байна. Сайтаар гарч байгаа рейтингийн судалгаа нь хэн нэгэн хүнийг дэмжих гэсэн тухайн сайтын бодлого байж магадгүй юм. Үүнээс үүдэж сунгаанд орж буй нэр дэвшигчдийг хагаралдуулах зорилго байж болзошгүйг таван хүндээ сануулсан.

Ардчилсан намын сонгуулийн хорооны дарга Ж.Оюунбаатар:

-Манай сонгуулийн хороо бэтгэл ажлаа амжилттай хийж байгаа. Нэр дэвшигчид сурталчилгаагаа найман аймаг, хоёр дүүрэгт хийгээд байна. Нийт явах ёстой аймаг орон нутгийн 1/3 хүрч ажилалаа. Өнөөдрийн байдлаар нэр дэвшигчид Өвөрхангай аймагт ажиллаж байна. Нэр дэвшигчид Ардчилсан намынхаа дүрэм журмыг чанд сахиж байгаа. Сурталчилгаа эхэлснээс хойш Ардчилсан намын гишүүдийн идэвх сэргэж, намын үйл ажиллагаа сайжирч байна. Намын даргаа сонгоно гэдэг нь улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгуультай ижил төстэй сонгууль юм. Яагаад гэвэл, Монгол Улсын нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгж харьяалагдах гишүүд хамрагдана. Тиймээс Ардчилсан намын сонгуулийн хороо намын даргаа сонгох том сонгуулийг шударга, ил тод, нээлттэй, үлгэр жишээ болохуйц байдлаар зохион байгуулна. Ингэхдээ намын бүх шатнаас санал авч, будилаан гаргахгүй байх тал дээр анхаарч сонгуулийн журам гаргасан. Энэ журмын дагуу намын даргад санал өгсөн гишүүний хуруун дээр тэмдэглэгээ хийнэ. Саналын хураалтын дүн гаргахдаа камер, дэлгэц ашиглаж, нээлттэй тоолно. Санал авах ажиллагааг бүх засаг захиргааны нэгжид зохион байгуулна. Ингээд нэгдүгээр сарын 29 буюу ням гаригт болох Ардчилсан намын даргын сонгуульд идэвхтэй оролцохыг уриалж байна.

Ийнхүү мэдээлэл хийсний дараа Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Ардчилсан намд шинээр элсэж байгаа хэдэн хүн байна вэ?

-Одоогоор тэр тоог тодорхой гаргаагүй байна. Шинээр гишүүд элсэж байгаа. Тэд намын даргын сонгуульд оролцох эрхээр хангагдана. Манай нам энэ удаагийн сонгуулиар нээлттэй нам гэдгээ ард түмэндээ харуулах ёстой. Тиймээс шинэчилсэн бүртгэлд хамрагдсан бүх гишүүд санал өгөх эрхтэй.

-Саналын хуудсаа хэвлүүлж эхэлсэн үү?

-Саналын хуудсаа албан ёсоор хэвлүүлж эхлээгүй байгаа. Албан ёсоор намын шинэчилсэн бүртгэл дуусч санал өгөх эрхтэй гишүүдийн тоо гарсны дараа хэвлүүлнэ.

-Таван нэр дэвшигчээс хоёр нь нэрээ татна гэсэн мэдээлэл байна. энэ үнэн үү?

-Би өчигдөр тэдэнтэй уулзсан. Одоогийн байдлаар нэр татах шинж тэмдэг харагдахгүй байна. Зохиол их газар авдаг болжээ. Албан ёсоор нэр татсан зүйл байхгүй.

-Ардчилсан намын үндсэн дүрмээр бол намын дарга Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гээд шийдчихдэг. Гэтэл хуулиар бол нэр дэвших эрхтэй байгаа. Тэгэхээр хуулиас давсан журам болчих юм биш үү?

-Манай намын үзэл баримтлал, одоогийн мөрдөж байгаа дүрэмд ялсан намын дарга Ерөнхий сайд болох зохицуулалт бий. Үндсэн дүрэм хүчин төгөлдөр үйлчилж байгаа.