Төрийн банкны хувьчлал юу болов?

884

Төрийн банкны шинэ эзэд тодорхой болсон тухай хэвлэлүүд шуугиж буй ч хувьчлахын өмнө хийх ажлууд дөнгөж эхлэлийн шатанд байна. Тодруулбал, шинэ он гарахаас өмнө Сангийн яам, Монголбанк, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас тус бүр төлөөлөл оролцсон ажлын хэсэг байгуулагджээ. Уг ажлын хэсэг нь Төрийн банкыг үнэлэх үнэлгээний компанийг тодруулах, хөндлөнгийн аудит оруулах, Хөрөнгийн биржээр дамжуулан худалдах диллер компанийг сонгох зэрэг хэд, хэдэн үе шаттай ажил зохион байгуулах ёстой. Гэвч одоогоор эхний шатандаа буюу үнэлгээ тогтоох ажилтайгаа “ноцолдож” суугаа гэж болох аж.

УИХ-аас өнгөрсөн онд Төрийн банкийг хувьчлах жагсаалтад багтаахдаа дуудах доод үнийг 300 тэрбум төгрөгөөр тогтоож өгсөн. Ингэхдээ 75 тэрбум нь төсөвт төвлөрөхөөр, 225 тэрбумыг Монголбанкны өрөнд өгөхөөр шийдвэрээ гаргасан билээ. Иймээс үнэлгээний компани “Төрийн банк” хэдий хэмжээний хөрөнгөтэй байна, хувьчлалын доод үнийг 300 тэрбумаар тогтоосон нь бодитой юу, бодитой бус уу гэдгээс эхлээд олон зүйлийг баталгаажуулах аж.

Төрийн банк шинэ эзэнд очиход худалдагдсан үнийн дөрөвний гурав нь зөвхөн өрөнд явах болж байгаагийн цаад шалтгааныг нягталбал, 2009 онд “Зоос” банк дампуурч, харилцагчдын эрх ашгийг хамгаалах шаардлага үүсч, Төрийн банкийг шинээр байгуулсан. Дараа нь “Хадгаламж” банк эрсдэлд ороход мөн л хадгаламж эзэмшигчдийг хамгаалах шаардлага бий болж, Төрийн банк руу шилжүүлж авчээ. Энэ бүх үйл ажиллагаа хийгдэхэд ихэнх хөрөнгө төв банкнаас гарсан байна. Иймээс үйл ажиллагаа нь жигдэрсний дараа Төрийн банкийг хувьчилж, оруулсан хөрөнгөө буцааж авах менежмэнт барьсан нь энэ аж.

Төрийн банкийг байгуулахад эдийн засагчид дуртай байгаагүй, “Төр арилжааны банкуудтайгаа өрсөлдөх нь хамгийн буруу менежмэнт” гэж шүүмжилж байв. Гэвч нэр бүхий хоёр ч банкны үйл ажиллагаа доголдож, харилцагчдын хадгаламж эрсдэлд ороход төр оролцохоос өөр арга байгаагүй. Дээрх арга хэмжээг аваагүй бол төрөөс гарах зардал улам өндөр болж, эцсийн эцэст татвар төлөгчдийн халаас руу л илүү их гар дүрэх тул төр үүргээ гүйцэтгэсэн нь энэ аж.

Мөн эдийн засагчид Төрийн банкийг арилжааны банкуудын нэгэн адил үйл ажиллагаа явуулах нь илүү монополь байдлыг үүсгэж болзошгүй гэж үзсэн тул байгуулснаас хойш гурван жилийн дараа хувьчлах зорилт тавьсан ч дунд нь Хадгаламж банкийг оруулж ирэх шаардлага үүссэнээр “хадамд” гаргах ажил хэсэгтээ хойшилжээ.

Улмаар 2015 онд Засгийн газар Төрийн банкийг хувьчлах жагсаалтад оруулж ирсэн ч өнөөгийн эрх баригчид хүчтэй эсэргүүцэл үзүүлснээр хувьд гаргах төлөвлөгөө бүтэлгүйтсэн байдаг. 2016 онд УИХ-ын сонгууль болохыг хэлэх үү, хэтэрхий их улстөр орох аюул байсан тул хойшлуулах нь зүйтэй гэж үзсэн.

Харин МАН Засгийн эрх авсан даруйдаа тус банкийг хувьчлахаар яаран ажилдаа орлоо.

Үйл ажиллагаа, үнэлэмжийнхээ хувьд Төрийн банк, Хаан банкны дараа бичигдэх, хамгийн өргөн сүлжээтэй банкинд зүй ёсоор бичигдэж байна. Энэ хэмжээнд очиход хуучин банк “Хадгаламж” бүхий л орон нутагт салбартай байсан нь дэд бүтцийн хувьд өрсөлдөх чадварыг нь улам сайжруулжээ.

ТООНЫ ХЭЛЭЭР:
Төрийн банк анх 130.2 тэрбум төгрөгийн активтай байсан бол одоо 1.8 их наяд төгрөгийн активтай, 28.6 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгөтэй байсан бол эдүгээ 162.6 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгөтэй, жилдээ 1.6 тэрбум төгрөгийн ашигтай ажилладаг байсан бол 10 тэрбум төгрөгийн ашигтай ажилладаг, 3500 гаруй ажиллагсадтайгаар үйл ажиллагаа эрхэлж байна.

Өөрөөр хэлбэл, хувьчлалын дундуур хуудуутай ажил хийгдчихгүй бол төрийн хамгийн үнэ цэнэтэй нэгж хувьд гарахаар бэлтгэл нь базаагдаж байна гэсэн үг юм.

Г.ХОРОЛ