Одоо “ҮЙЛИЙН ҮР” гэхээс дээ: ХАР ЖАГСААЛТ

311

2020 он гарлаа. Цар тахал дэлгэрэв.

 Эдийн засгийг амьд организмоор төсөөлбөл бор хоног, шар нарыг арайхийн давж байна. Дайны хажуугаар дажин гэгчээр сонгуулийн солиорол ч үргэлжилсэн хэвээр. Өрнөж байгаа энэ үйл явдлаас үл хамааран ирээдүйд хүлээгдэж буй Саарал жагсаалт, гадаад өр гэх мэт олон асуудал бидэнд бий. Энэ хүнд үед ХАР ЖАГСААЛТ-д оруулах асуудал ч чих дэлсэв. Мөнгө угаах таатай хөрс нь бий болсон манайх шиг улсад хулгай луйвар, бизнес, улс төрөө ялгаж чадахгүй болтлоо ялзарсан. Одоо бүр цөхөрч гүйцлээ. Бидний “үйлийн үр” л гэхээс өөр юу гэх билээ. Оффшорт түгжсэн мөнгө, ЖДҮ-ийн зээл, НДШ-ийн мөнгийг шамшигдуулсан “Капитал банк”-ны дампуурал, Элчингийн хар тамхины наймаа зэрэг санхүүгийн гэмт хэргийг шүүж, шийдэж чадаагүй нь энэ уршгийг араасаа дагуулсан хэрэг.

ЮУ БОЛОВ? 

2020 оны тавдугаар сарын 5-нд мэдэгдэл гарав. Европын Холбооноос Монгол Улсыг мөнгө угаалттай тэмцдэггүй орнуудын Хар жагсаалтад оруулахаар зэхэж байна. Ганц Монгол ч бус Барбадос, Гана, Панам гэх зэрэг 12 орныг Европын холбооны санхүүгийн системд аюул учруулах эрсдэлтэй гэж үзжээ. Эцсийн байдлаар тавдугаар сарын 7-нд шийдвэр нь гарна. 

ХАР ЖАГСААЛТ РУУ ОРВОЛ ЮУ БОЛОХ ВЭ?

Энэ сэдвийг дэмий сэвэхээс илүү Хар жагсаалтад орохын бодит үр дагаврыг авч үзье. Учир нь Хар жагсаалтад орсон улсыг ямар ирээдүй хүлээж буйг ойлгож авснаар өрх гэр, ААН-үүд зөв үйл хөдлөл хийхэд нь тус болох биз ээ. Шууд нөлөө

  • Европын улс орнуудад иргэд, ААН-үүд картаар гүйлгээ хийх боломжгүй болно.
  • Европын банкуудтай хийгдэх төлбөр тооцоонд асуудал үүснэ. Тодруулбал, тодорхойгүй хугацаагаар төлбөр нь удна, олон банкаар дамжих учир шимтгэл нь нэмэгдэнэ. Гэвч Саарал жагсаалтын үед аль хэдийн Европын банкууд төлбөр тооцоон дээр гараад алга болсон. Одоогоор Орос, Хятадын банкуудаар дамжуулан гүйлгээ хийж байна. 
  • Хямд эх үүсвэртэй, гадны санхүүжилт, хөрөнгө оруулалтууд зогсох болно.
  • Стратегийн томоохон хөрөнгө оруулалтаас бусад хөрөнгө оруулалт зогсоно. Өөрөөр хэлбэл, гадаадын шууд хөрөнгө оруулалт татах гэж буй ААН-үүд боломжгүй болно.
  • Бизнесийн процесс удаашрах болно. Худалдааны салбарын ААН-үүдэд бараа татан авалт, төлбөр тооцоон дээр хугацаа алдахаас гадна гүйлгээний шимтгэл нь ч нэмэгдэх болно.

Шууд бус нөлөө

  • Төсөв алдагдалтай, өрийн дарамттай, эдийн засаг хүнд ийм нөхцөл байдалд зээлжих зэрэглэл буурах эрсдэлтэй байна. Хэрвээ Хар жагсаалтад орвол энэ хугацаа улам л хурдсах болно.
  • Улсын нэр хүнд унаснаар гуравдагч хөрш орнуудтай хийх эдийн засгийн хамтын ажиллагаа муудна. Улмаар төлбөр тооцооны хувьд хоёр хөршөөс хэт хамааралтай болно. 
  • Бидэнд ирэх 4 жилд төлөх 2.9 тэрбум ам.долларын өр бий. Бидэнд авдраа уудлаад гаргаад өгөх хураасан хөрөнгө, мөнгө гэж үгүй. Тиймээс өртөг өндөртэйгөөр зээлээ хойшлуулахаар хөөцөлдөхөөс өөр аргагүй. Энэ үед хар жагсаалтад орвол ямар ч орон манай улсын бондыг авахыг хүсэхгүй. Улмаар өрөө дахин санхүүжүүлж чадахгүйгээр дампуурах ч эрсдэл бий.

 Хамгийн айдастай нь өр, өр, өр бас дахин өр. Сүүлийн долоо хоногт хөгжиж буй эдийн засагтай орнууд гадаад өр төлөх хугацаагаа сунгахаар ажиллаж байна. Нөөц хөрөнгө байхгүй учраас олон улсын захаас дахин санхүүжилт авахаар оролдож буй ч томоохон хөрөнгө оруулагч нараас татгалзсан хариу аваад байна. Гэхдээ тэд Хар жагсаалт байтугай Саарал жагсаалтад ч багтаагүй улс орнууд хэрнээ л бүтэлгүйтэж байна. Гэтэл бид ижилхэн өр төлбөрийн асуудалтай ч илүү хүнд нөхцөл байдалд байна.  Эцэст нь Хар жагсаалт, гадаад өр, Саарал жагсаалт гэх мэт асуудал нь худал хэлж, хулгай хийж, хуурч мэхлээд өнгөрч чадах зүйл огтхон ч биш. Капитализмын хатуу чанга хууль, дүрэм, журам энэ бүхний цаана үйлчилж байгаа. Уйлж унжаад, гуйж гувшлаа ч цаг нь болоход гэрээний дагуу л бүх зүйл явагдана.