Өмнөд Солонгосын ерөнхийлөгч үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг уриаллаа

472

eee4fe_park_gyun_hye_speech_x974

Өнөөдөр буюу Даваа гарагт Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Парк Гюн Хэ тус улсын үндсэн хуульд өөрчлөлт оруулж, ерөнхийлөгчийн дахин сонгогдох боломжийг нээхийг санал болголоо.

Хэдийгээр гүйцэтгэх засаглалдаа их хэмжээний эрх мэдэл олгодог ч Өмнөд Солонгос нь ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа таван жилээр сонгодог дэлхийн цорын ганц хөгжингүй эдийн засагтай улс юм.

Олон арван жилийн нэг хүний засаглалын дараа буюу 1987 онд ардчилсан нийгэмд шилжихдээ Өмнөд Солонгос ерөнхийлөгчийн сонгогдох хугацаанд ийм хязгаар тавьсан байна.

Өнөөдөр телевизийн сувгаар шууд дамжуулсан Парк Гюн Хэгийн мэдэгдэлд одоогийн үндсэн хууль нь цаг үеэсээ хоцрогдсон тул өөрчлөлтийн талаар хэлэлцэх цаг нь болсон гэжээ.

Парк “нэг удаа таван жилийн хугацаатай сонгогддог үндсэн хуулийн заалт нь ардчилалын шилжилтийн үед тохирч байсан байх” гээд “харин одоо энэ нь багадсан хувцас шиг болжээ” гэсэн байна.

Тэрээр өөрийнх нь бүрэн эрх дуусахаас өмнө буюу 2018 оны эхэнд багтааж үндсэн хуулийн өөрчлөлтийг хэрэгжүүлэхээр засгийн газрын ажлын хэсэг байгуулна гэлээ.

Гэхдээ Парк хоёр дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдох боломжгүй гэдгийг ерөнхийлөгчийн алба мэдэгдсэн байна. Өөрөөр хэлбэл дээрх өөрчлөлт одоогийн ерөнхийлөгчид үйлчлэхгүй гэнэ.

Гэвч сөрөг хүчнийхэн Паркын уриалгыг хүчтэй эсэргүүцэн хүлээж авч байна. Учир нь тэд сүүлийн саруудад рэйтинг нь унасан Парк өөрийгөө тойрсон элдэв хэл амыг дарж, олон нийтийн анхаарлыг өөр чигт хандуулахын тулд үндсэн хуулийн өөрчлөлтийг санаачилж байна гэж үзэж байгаа юм.

Паркыг тойрон хүрээлэгч зарим хүмүүс авлигын дуулианд холбогдоод байгаа нь тэднийг ингэж хардахад хүргэжээ.

Гэвч үүнийг үгүйсгэсэн Парк Өмнөд Солонгосын гадаад бодлого, ялангуяа Хойд Солонгостой харилцах асуудал уламжлагдан, үр дүнтэй болохгүй байгааг богино настай ерөнхийлөгчийн засаглалтай холбож тайлбарлаж байна. Мөн Өмнөд Солонгосын урт хугацааны тогтвортой хөгжилд ч чөдөр болж байна гэж үзжээ.

Олон нийт ч ийм дүгнэлттэй байгааг санал асуулгын дүн харуулсан байдаг. Realmeter судалгааны байгууллагын зургаадугаар сард нийтэлсэн санал асуулгын дүнгээр Өмнөд Солонгосчуудын 70 хувь нь одоогийн үндсэн хуулийг өөрчлөх цаг нь болсон гэсэн бол 40 хувь нь ерөнхийлөгчийг дөрвөн жилээр хоёр удаа сонгогдох боломжтой болгох нь зөв гэж үзсэн байна.

Өмнөд Солонгосын хуулиар ерөнхийлөгч эсвэл парламент нь үндсэн хуулийн өөрчлөлтийг санал болгох эрхтэй бөгөөд түүнийг нь тус улсын нэгдсэн ассемблейн гишүүдийн гуравны хоёр нь дэмжих ёстой. Үүний дараа үндэсний хэмжээнд бүх нийтийн санал асуулга явуулах юм.

Ажиглагчид Өмнөд Солонгост ерөнхийлөгчийн бүрэн эрхийг сунгадаг болсноор бүс нутагт мөн ийм сонирхолтой байгаа Японы Шинзо Абэ, Хятадын Ши Жиньпин нарын бодлогод түлхэц болно гэж үзэж байна.

Эх сурвалж: Japan Times