Бразилийн мах экспортлогч компаниуд олон жилийн турш шаардлага хангахгүй мах нийлүүлж байсан гэх мэдээлэл гарснаас хойш Европын холбооны орнууд болон БНХАУ тус улсаас мах импортлохоо зогсоосон билээ. Тэгвэл Хонконг мөн л Бразилиас мах импортлохоо зогсоосон байна.
Бразил улс мах, махан бүтээгдэхүүний экспортынхоо дийлэнх хувийг дээрх орнуудад нийлүүлдэг аж.
Европын холбооноос зөрчил гаргасан компаниудаас мах худалдаж авахаа зогсооно гэдгээ мэдэгдсэн юм.
Өнгөрсөн баасан гарагт Бразилийн цагдаагийн газраас явуулсан ажиллагааны үеэр махны үйлдвэрүүд олон жилийн турш муудсан, ариун цэврийн шаардлага хангаагүй мах ууталж, зарж байсныг олж тогтоожээ.
Хонконгийн Хүнсний аюулгүй байдлын төвөөс, “Бразилиас гаралтай махны чанар, ариун цэврийн тал дээр асуудал үүссэн тул” түр хугацаагаар малын хөлдөөсөн болон гэсгэлэн мах, шувууны мах зэргийг импортлохоо зогсоолоо хэмээн мэдэгдсэн байна.
Бразил улс нь мал, шувууны махны дэлхийн хамгийн том экспортлогч бөгөөд махны үйлдвэрлэл, боловсруулалт нь тус улсын эдийн засагт томоохон үүрэг гүйцэтгэдэг юм.
Бразилийн Ерөнхийлөгч Мишел Темер өнгөрсөн амралтын өдрүүдэд яаралтай хурал зарласан ба тус хуралдааныхаа үеэр Бразилийн махны амт чанарт эргэлзэж байгаа гадаадын орнуудын Бразилд суугаа төлөөлөгчдийг ням гарагт шарсан махны газарт хүрэлцэн ирэхийг урьсан байна.
Тэрээр, “Бразилийн засгийн газар олон сая хэрэглэгчдийн итгэлийг олж, хамгийн нарийн, хатуу шалгууртай зах зээлийн сайшаалыг хүртсэн, үндэсний бүтээгдэхүүнийхээ чанарт бүрэн итгэлтэй байгаагаа дахин баталж байна.” хэмээн мэдэгдсэн байна.
Гэсэн хэдий ч түүний хүчин чармайлт талаар өнгөрч, БНХАУ, Европын холбоо, БНСУ, Хонконг, Чили улс Бразилийн мах, махан бүтээгдэхүүний нийлүүлтэнд хязгаарлалт тогтоогоод байна. 2016 онд л гэхэд дээрх улсууд хамтдаа Бразилийн махны экспортын 1гуравны нэгийг эзэлж байсан аж.
Өнгөрсөн баасан гарагт цагдаагийн газраас явуулсан ажиллагааны үеэр 30 гаруй хүнийг баривчилсан байна. Бразилийн засгийн газраас төрийн 30 гаруй албан хаагчийг ажлаас нь чөлөөлжээ. Эдгээр албан хаагчид дээрх үйлдвэрүүдэд ариун цэврийн шаардлага хангахгүй байгааг мөн хууль бус ажиллагаа явуулж буйг мэдээлэх ёстой байжээ. Цагдаагийн газраас эдгээр албан хаагчдыг авлига авсан хэргээр шалгах аж.
Шалгалтын явцад гурван ч үйлдвэрийг хаасан ба 21 үйлдвэрт шалгалт үргэлжилж байна.
Ерөнхийлөгч Мишел Темерийн хэлж байгаагаар хэрэгт холбогдсон үйлдвэрүүд нь Бразилийн мах үйлдвэрлэгч компаниудын өчүүхэн жижиг хэсэг нь аж. Тэрээр ням гарагт хийсэн хурлынхаа үеэр, “Бразил дахь 4837 нэгжийн 21 нь л шалгалтын үеэр зөрчил гаргасан нь тогтоогдсон. Эдгээрээс зургаан нь л сүүлийн 60 хоногт махаа экспортолсон.” хэмээн онцолсон байна.
Бразилийн цагдаагийн газар хоёр жилийн турш дээрх үйлдвэрүүдийг ажиглаж, мөрдөж байсан ба өнгөрсөн баасан гарагийн өглөө Бразилийн зургаан мужийг хамарсан гэнэтийн шалгалт явуулжээ. Цагдаагийн газраас явуулсан ажиллагаанд 1000 гаруй албан хаагчдыг хамруулсан ба 194 байршлыг нэгэн зэрэг шалгажээ.
Эх сурвалж: www.bbc.com