Пак Гын Хэг албан ёсоор сэжигтнээр татлаа

462

park-gyn-hye

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэг эрүүгийн хэргийн сэжигтнээр албан ёсоор татан шалгаж байгаа талаар Сөүлийн прокурорын газраас мэдэгдлээ.

Ерөнхийлөгчийг өөрийн дотны найз Чой Сун Силдээ улсын нууцын зэрэглэлтэй бичиг баримтуудыг задруулсан мөн авлига авах боломж олгосон, түүнтэй үгсэн хуйвалдсан гэх үндэслэлээр ийн сэжигтнээр татжээ.

Ингэснээр Өмнөд Солонгосын түүхэнд төрийн тэргүүн эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр хуулийн байгууллагад шалгагдаж буй анхны тохиолдол болж байна.

Ерөнхийлөгчийн зүгээс прокурорын дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгааг өмгөөлөгч нь мэдэгдсэн. “Ерөнхийлөгчийг сэжигтнээр татсан явдал нь цэвэр төсөөллөөс үүдсэн үр дагавар. Хэрэв сан байгуулснаар хэн нэгэн ашиг олсон гэж байгаа бол тэр нь Ерөнхийлөгч биш. Тэр Чой Сун Силийн бизнесийн асуудлыг мэдэхгүй. Чой Сун Сил “К-Sport” тэргүүтэй сангаар дамжуулан өөрөө өөртөө л ашиг олж байсан” гэдэг тайлбарыг Ерөнхийлөгчийн хуульч өгчээ.

Сануулахад Солонгосчууд Ерөнхийлөгчөө огцруулахаар бүтэн сар гаруйн турш эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж тэмцсээр байна. Бүрэн эрхийн хугацаа дуусахад ердөө жил үлдсэн Пак Гын Хэ суудал дээрээ удаа тогтох найдвар үгүй болж байх шиг байна.

Тэрбээр өөрийн хүслээр Ерөнхийлөгчийн суудлаасаа огцрохгүй бол Өмнөд Солонгосын парламентаас төрийн тэргүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх боломжтой аж.

Эх сурвалж: Yonhap