БНЭУ, ТУРК УЛС РУУ ТУСГАЙ ҮҮРГИЙН НИСЛЭГ ХИЙНЭ

567

УОК-ын шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг гадаад улсаас иргэдээ татан авах асуудлаар мэдээлэл өглөө. Тэрээр “Өнгөрсөн гурван удаагийн нислэгээр 28 улсаас 800 гаруй иргэнээ татан авсан. Зохион байгуулалтын хувьд маш хүнд байлаа. Улс орнууд хилээ хаасан, хөл хорио тогтоосон үед гадаад харилцааны ажилтнууд идэвх зүтгэл гаргаж, иргэдээ татан авлаа. Эдгээр нислэгт хүнд нөхцөлд байгаа оюутан залуусыг хамруулсан. Тусгай үүргийн нислэгээр өөрийн орны иргэдээ татаж авахаас гадна манай улсад гацсан 24 улсын иргэнийг эх орондоо буцахад нь тусласан.

Одоогийн байдлаар гадаадад байгаа 10076 хүн эх орондоо буцалт хүсэлт гаргасан. Өнгөрсөн гуравдугаар сарын 15-наас эхлэн Солонгос, Европ, Турк зэрэг улсаас тусгай үүргийн нислэгүүдийг хийсэн. УОК-оос өгсөн чиглэлийн дагуу БНЭУ, Турк улс руу тусгай үүргийн нислэг хийхээр болсон. Цаашид Солонгос улс руу дахин нислэг үйлдэх шаардлага бий. Эдгээр нислэгийн нөхцөл байдлыг судалж байна. Мөн ОХУ-аас нутагтаа буцах хүсэлтэй иргэдийн хүсэлтийг хангах асуудлаар ажиллаж байна” гэлээ.