Г.Маралмаад 23, Т.Цогтод 20 жилийн ял оноолоо

604

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр өнөөдөр Т.Цогт, Г.Маралмаа нарын шүүх хуралдаан болж, Г.Маралмаад 23, Т.Цогтод 20 жилийн ял оноолоо.

Шүүгдэгч Т.Цогт, Г.Маралмаа нарыг хүнийг санаатай алах гэмт хэргийг бусдыг биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж онц харгис хэрцгий аргаар бүлэглэж, үйлдсэн гэм буруутай тооцож, Т.Цогтод 20 жилийн хорих ял, Г.Маралмаад 23 жилийн хорих ял оноосон байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36,2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэмж, тус бүр 2 жилийн хорих ял оноосон боловч, уг хоёр жилийн хорих ялыг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөн хэлтрүүлжээ.

Шүүгдэгч Т.Цогтод оногдуулсан 20 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, Г.Маралмаад оногдуулсан 23 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Мөн тэднээс 2.324.420 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэжээ.

Хэргийг сануулахад, Г.Маралмааг дагавар охиноо зодож, биед нь хүнд гэмтэл учруулж, амь насыг нь хөнөөсөн хэмээн үзэж 23 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэж, Т.Цогт 24 жилийн хорих ял оноосон юм. Гэвч давж заалдах шатны шүүхээс Г.Маралмаагийн ялыг хэвээр үлдээж, Т.Цогтын хэргийг хэрэгсэхгүй болгосон. Харин энэ шийдвэрийг эсэргүүцэн, Г.Маралмаа гомдол гаргаад байсан юм.