БНСУ-ын Прокурорын алба энэ мягмар гарагаас эхлэн Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцорсон Пак Гын Хэгээс байцаалт авч эхэлсэн байна. Энэ нь түүний баривчлагдснаасаа хойш өгч буй анхны байцаалт юм.
Түүнийг Сөүл хотын захад байрлах саатуулах байранд хорьж байгаа ба байцаалтыг түүний өмгөөлөгчийн хамт явуулсан байна. Байцаалт өгөх тохиолдолд сэжигтэн прокурорын байранд ирдэг бол Пак Гын Хэгийн сэтгэл зүйн болон аюулгүй байдлыг харгалзан үзэж, байцаалтыг саатуулах байранд явуулсан байна.
Пак Гын Хэг өнгөрсөн баасан гарагт баривчилсан юм. Түүнийг нийт 13 зүйл заалтаар буруутгаж байгаа ба үүнд Самсунг группээс 39 сая ам. долларын авлига авсан гэх хэрэг ч багтаж байгаа юм. Тэрээр бүгдийг нь эсэргүүцэж байгаа ба прокурорууд түүнээс ямар нэг шинэ зүйл олж мэдэж чадах эсэх нь олны анхаарлыг татаж байна.
Пак Гын Хэг дөрөвдүгээр сарын 19 хүртэл саатуулах аж. Прокурорын алба ирэх сарын 9-нд эхлэх Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө буюу энэ сарын 17-ноос өмнө түүнд хэрэг тулгах байх гэж таамаглаж байгаа аж.