Өчигдөр буюу Мягмар гарагт Sotheby’s компанийн Хонг Конгод явуулсан дуудлага худалдаагаар “Ягаан од” гэгддэг 59.6 каратын алмаз эрдэнэ түүхэн дээд амжилт тогтоолоо.
Түүнийг $71.2 саяар зарсан нь ямар ч алмаз эрдэнэс, үнэт чулууны түүхэнд хүрч байгаагүй өндөр үнэ юм. Зууван хэлбэртэй, холимог засалтай алмаз нь урьдчилсан тооцоогоор $60 саяын үнэ хүрнэ гэж Sotheby’s үзэж байв.
Дуудлага худалдааны сүүлийн таван минутад тунаж үлдсэн гурван өрсөлдөгч телефон утсаар үнэ хаялцсан бөгөөд ялагч нь Хонг Конгийн үнэт эдлэлийн Chow Tai Fook компани болжээ.
Хэдийгээр Хятадын эдийн засаг хэдэн жилийн өмнөхтэй харьцуулахад сайнгүй байсан ч худалдаа маш өндөр дүнтэй явагдсанд Sotheby’s компанийхан сэтгэл хангалуун байгаагаа мэдэгдсэн байна.
Гурван жилийн өмнө энэхүү үнэт чулуу Женевийн дуудлага худалдаагаар илүү өндөр үнэ хүрсэн ч сүүлд ялагч нь худалдаж авч чадаагүй юм. Үүнээс өмнө хамгийн өндөр үнэ хүрсэн алмаз нь өнгөрсөн оны тавдугаар сард $57.6 саяар зарагдсан “Оппенхаймерийн Хөх” алмаз байжээ.
Харин ягаан алмазны хувьд 2010 онд $46.2 саяар зарагдсан 24.78 каратын “Графф Ягаан” дээд амжилтыг эзэмшиж байсан юм.
“Ягаан Од”-ыг 1999 онд Өмнөд Африкаас De Beers компани олборлож байсан. Түүхийгээрээ 132.5 карат хүрч байсан энэхүү эрдэнийг засаж янзлахад хоёр жилийн хугацаа зарж байжээ.
2013 онд Нью-Йоркод болсон дуудлага худалдаагаар алмаз засварлагч Исаак Вольф “Ягаан одод” $83 саяын үнэ хэлсэн ч худалдаж авч чадаагүй юм.
Эх сурвалж: Japan Times