Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж чуулганы нээлтэд үг хэлэхдээ, “Монголын ард түмэнтэй байгуулсан гэрээг МАН мартаж болохгүй. Монголын эдийн засгийг сайжруулах, хариуцлагаа чангатгахын тулд гадаадаас зээл авах хэрэггүй. Төрийн аж ахуйн үйл ажиллагааг яам, агентлагаас салгахгүйгээр асуудал шийдэгдэхгүй. Мөнгө бизнес сонирхож байгаа бол төрөөс холд гэж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэлсэн. Хэлээд энэ байдал арилахгүй. Төрөөс салгаж байж алтан гинж тасарна. Төрийн байгууллага хуулийг хэрэгжүүлдэг, стандарт мөрдүүлдэг, хариуцлага ногдуулдаг байх ёстой. Төр эдийн засгийн харилцаанд гоцлон тоглогч болж байгаад хямрал бий болсон. Хүний өмнүүр орж бүхнийг хийх гэж оролддог төр хүнээс бүхнийг булааж дуусдаг. Төр ажлаа хийх хэрэгтэй.
Төрийн ачаалал их байгаагийн маргашгүй зүйл нь төсвийн алдагдал. Төрийн албан хаагчдын орон тооны хөөрөгдлийг хазаарлах хэрэгтэй. Төрийн бүх шатанд төрийн албан хаагчид ганцаарчилж шийдвэр гаргадгийг болох хэрэгтэй. Энэ нь хуулиараа хориотой байх ёстой. Энэ нь эргээд завхралын үүр уурхай болдог юм. Төрийн зардал эрс нэмэгдсэний шалтгаан нь төр өөрөө оролцдогийг илрэл. Төрийн ихэнх үйлчилгээг түрээсийн горимд шилжүүлэх хэрэгтэй. Энэ талаар өмнө нь би хэлж байсан.
Байдал ямар байгааг бид амьдрал дээр туулж байгаа. Гүйцэтгэх засаглалаа чадамжтай болгох ёстой. Монгол Улс чадамжгүй орон биш. Монголын хөгжил дэвшилд хэрэгтэй далай шиг олон санаа сайхан эхлэл нийгэмд байна. Харин түүнийг ажил хэрэг болгох гүйцэтгэх засаглал бяд муутай байна. Бяд муутай Засгийн газартай бид урагшаа явахгүй. Одоо бүр урагшлахаа ч болилоо. Чадавхитай засаг хариуцлагатай засаг байдаг. Хамгийн үнэтэй зүйл итгэл. Гэтэл манай улсын Засгийн газарт итгэх итгэл дотроо ч, гаднаа ч алга. Үүнийг засах нөхцөл УИХ-д бүрдсэн гэж үзэж байна” хэмээн онцолсон.
Тэгвэл УИХ-ын 2017 оны хаврын чуулганаас ямар хүлээлт байгааг сонирхуулъя. Ер ьн нийгэмд хаврын чуулганаар нэн тэргүүн шийдвэрлэх асуудалд хүлээлт, ажиглалт хэдийнэ үүссэн. Дээр нь Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил явагдаад эхэлсэн, эдийн засгийг сэргээхтэй холбоотой ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаар энэ оны төсвөө тодотгож, долоон төрлийн татвар нэмэхээр болсон, “Эрдэнэт” үйлдвэрийн 100 хувь төрд авах ажиллагаа үргэлжилж байгаа ч 49 хувийг эзэмшигч хувийн хэвшилтэй хэлэлцээр тохироо хийгдээгүй зэрэг тулгамдсан асуудал олон байна.
Тэгвэл нэн тэргүүнд чуулганы эхэнд 2017 оны улсын төсвийн тодотголыг хэлэлцэнэ. Энэ удаагийн төсвийн тодотгол ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээний хүрээнд боловсруулснаараа онцлогтой.
Түүнчлэн “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудлыг цэгцлэх асуудал ард нь хүлээж байна. Нийгэм бухимдалтай энэ үед эрх баригчид Ерөнхийлөгчийн сонгууль гээд ажил цалгардуулахгүй байхыг олон нийт хүсч байгаа юм. Мөн Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн гүйцэтгэх засаглалаа чадамжтай болгох ёстойг эрх баригчид ухаарах биз ээ. Учир нь өнөөг хүртэл гацаад байгаа том Тавантолгойг хөдөлгөх эрх мэдэл гүйцэтгэх засаглалд дутагдаж буй нь үнэн юм. Энэ мэтээр эрх баригчдаас, хаврын чуулганаас хүлээх хүлээлт арвин байх нь ээ. Улмаар эрх баригчид гүйцэтгэх засаглалаа чадамжтай болгож чадах эсэхийг ч олон нийт хүлээж байгааг дуулгая.
Эх сурвалж: www.info.mn