Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, Глоб Интернэшнл ТББ, Монголын Телевизүүдийн Холбоо, Монголын Өдөр Тутмын Сонины Холбоо, Монголын Сайтын Холбоо, Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо, Тэргүүлэгч Сайтуудын Холбоо, Сэдээллийн Сайтуудын Ассоциаци, Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбоо, Эм Би Си Телевизүүдийн Холбоо, Монголын Хэт Богино Долгион, Фм Радиогийн Үндэсний Холбоо болон хууль, шүүх, цагдаагийн байгууллагын төлөөллүүд оролцож Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийлээ.
Уг хэлэлцүүлэгт сэтгүүлч, өмгөөлөгчдийн төлөөлөл нийлсэн 150 гаруй хүмүүс оролцсон ба Зөрчлийн тухай хууль гарснаас үүдэн өөрт тулгараад байгаа асуудлуудаа хөндөн ярилцсан юм.
Түүнчлэн сэтгүүл зүйн үйл ажиллагаа явуулахад чөдөр тушаа болоод байгаа Зөрчлийн тухай хуулийн 6.21 гүтгэх, 6.22 зөвшөөрөлгүй гэрэл зураг болон бичлэг хийх гэсэн зүйл заалтуудын талаар үзэл бодлоо солилцлоо.
Хэрэв Зөрчлийн тухай хууль энэ хэвээр цааш мөрдөгдвөл сэтгүүл зүйн байгууллага болоод сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрх, цаашлаад эрэн сурвалжлах сэтгүүл зүй үгүй болох юм. Тиймээс уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж хэлэлцүүлэгт оролцсон сэтгүүлчид хэлж байна.
МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр:
‘Бид Зөрчлийн тухай хуулийг амьдралд илүү нийцүүлэх, нийгэмд зөв үйлчлүүлэх талаас нь ярилцаж, үүнээсээ ажлын хэсгээ томилоод тодорхой шатны шийдвэр гаргагч нартай уулзах шаардлагатай гэж үзсэн учир хэлэлцүүлэг зохион байгууллаа. Өнөөдөр Зөрчлийн тухай хуулийн сэтгүүлчдэд хамгийн ойр хоёр заалт бол 6.21, 6.22 юм. Энэ хоёр заалт Зөрчлийн тухай хуульд огт байж болохгүй биш. Гэхдээ сэтгүүлчид мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулж байх явцад энэ хоёр заалт эсрэгээр ашиглагдаад байна’
Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны чиглэлийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн дэд хурандаа У.Жамбацэрэн:
‘Гүтгэх гэмт хэрэг ихэнхдээ нийслэлд бүртгэгдэж байна. Энэ бүртгэгдсэн хэргүүдийг хэсгийн байцаагч нар шалган шийдвэрлэж байгаа. 2018 оны эхний таван сарын байдлаар 205 гүтгэх зөрчлийн хэрэг бүртгэгдээд байна. Үүнээс 31 хүн 2 хуулийн этгээдэд торгууль оногдуулсан. Харин үлдсэн зөрчлүүд нь нотлогдох боломжгүй, хэрэгсэхгүй болгох байдлаар шийдвэрлэсэн байна. Ерөнхийдөө гомдол мэдээллийг хүлээн аваад гурав хоногийн дотор хэрэг нээнэ. Эсвэл зөрчлийг татгалзах, хэрэгсэхгүй болгох байдлаар шийдвэрлэж байна.’