Токио хотноо Япон дахь Монгол судлаачдын эрдэм шинжилгээний анхдугаар форум зохион байгуулагдана

832

Япон дахь докторын оюутан, судлаачдын бүлгэм’-ээс тус улсад суугаа Монголын элчин сайдын яамтай хамтран ‘Нэг тэмүүлэл, нэг зорилгын төлөө хамтдаа уриан дор ‘Япон дахь Монголын докторын оюутан, судлаачдын анхдугаар эрдэм-шинжилгээний форум’-ыг 2017 оны 5 дугаар сарын 5, 6-ны өдрүүдэд Токио хотноо зохион байгуулах гэж байна. 2016 онд оюутан, судлаачдын санаачлагаар байгуулагдсан уг бүлгэмд одоогийн байдлаар 99 гишүүн бүртгэлтэй бөгөөд чанартай судалгаа шинжилгээ хурцаар тавигдаж буй өнөө үед судлаачид хоорондоо холбогдож, эзэмшсэн судалгааны арга зүй, технологийг эх орондоо нутагшуулах боломж бололцоог эрэлхийлэх, цаашид хамтран ажиллах орон зай, харилцаа холбоо тогтоох зорилгоор уг Форумыг зохион байгуулахаар ажиллаж байна.

Монгол улсаас Япон улсын их дээд сургууль, тэр дундаа докторын сургалтанд суралцахаар ирсэн оюутны тоо сүүлийн арван жилд өсөх хандлагатай болж байна. 2015 оны байдлаар Японы докторын түвшний сургалтад 157 хүн хамрагдан эрүүл мэнд, инженер технологи, физик, хими, хөдөө аж ахуй, нийгэм, хүмүүнлэг, боловсрол судлал зэрэг төрөл бүрийн салбар, чиглэлээр Японы өнцөг булан бүрт сурч, ажиллаж амьдарч байна. Тиймээс эрдэм шинжилгээний форум зохион байгуулж, харилцан мэдлэг туршлагаа солилцон өөрсдийн салбар шинжлэх ухааны хүрээнд хийж буй судалгаа-шинжилгээний ажлын зорилго, явц, үр дүн, ач холбогдлын талаар нийтэд илтгэн танилцуулах, харилцан ярилцах боломж олгох нь Монгол-Японы харилцаа төдийгүй Монголын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдолтой билээ.

Анхдугаар форумын үйл ажиллагааг амжилттай зохион байгуулахын тулд Японы төрөл бүрийн бүс нутагт сурч, ажиллаж буй 15 залуус сайн дурын үндсэн дээр ажлын хэсэгт нэгдэн ажиллаж байна. Мөн Монголын ГХЯ болон Японы эрдэмтэн судлаач нар дэмжин туслаж байгаад талархаж байна.

Дашрамд дурдахад форумыг илтгэл, хэлэлцүүлэг, дугуй ширээний ярилцлага, мэдээлэл зөвлөгөөний цаг зэрэг олон хэлбэрээр зохион байгуулах ба докторын түвшний судлаачдаас гадна Японд сурч амьдарч буй оюутан залуус нээлттэй оролцох боломжтой юм. Форумд нийт 15 судлаач илтгэл хэлэлцүүлэх бөгөөд Хоккайдо, Кансай, Кюүшү, Канто зэрэг Японы өнцөг булан бүрээс анагаах, боловсрол, эдийн засаг, геологи, физик, биологи зэрэг төрөл бүрийн салбарын төлөөлөл оролцох юм. Түүнчлэн форумд урилгаар Японы Монголч эрдэмтэдээс оролцож лекц тавихын зэрэгцээ оюутан судлаачидтай хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Уг хоёр өдрийн форумын үр дүнд салбар болон улс дамнасан хамтарсан судалгааг санаачилах, туршин хийх боломжийг эрэлхийлж, судлаачдын дараа дараагийн шатны санал санаачлагыг өрнүүлэх эх суурийг тавина. Илтгэлийн хураангуйг Монголын ГХЯ, БСШУЯ, Япон дахь Монголын элчин сайдын яаманд хүргүүлэхийн зэрэгцээ холбогдох байгууллагуудын цахим хуудсанд монгол-япон-англи хэл дээр нэгтгэн байршуулж, монгол болон бусад гадаад орон дахь ижил төстэй сүлжээ холбоодод хүртээмжтэй, нээлттэй болгохыг зорьж байна.