Агаарын бохирдлыг бууруулахад НҮБ-ын хүүхдийн сантай хамтарна

341
Нийслэлийн Засаг дарга бөгөөд улаанбаатар хотын захирагч С.Батболд Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкенсыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төсөл, хөтөлбөр, хамтын ажиллагааны тасгийн дарга С.Мягмаржав, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын Гэр бүл, хүүхэд хамгааллын хэлтсийн дарга П.Мягмаржав, НҮБ-ын Хүүхдийн сангийн Хүүхэд хамгаалллын ахлах мэргэжилтэн Д. Амараа, Ус ариун цэврийн байгууламж хариуцсан мэргэжилтэн Н.Батнасан, болон холбогдох албаныхан оролцов.
Энэ үеэр НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкенс НҮБ-ын Хүүхдийн сангаас Монгол Улсын Засгийн газартай байгуулсан 2012-2016 улс орны хөтөлбөрийн үр дүн, 2017-2021 оны хооронд хэрэгжүүлэх хөтөлбөрийн зорилгын талаар товч танилцуулж, цаашид агаарын бохирдол, хүүхэд хамгаалал болон ус ариун цэврийн байгууламжийг сайжруулах талд хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ‘Улаанбаатар хотын хүүхдийн аж байдлыг сайжруулах, хүүхдүүдэд тулгарч буй тэгш бус ялгаатай байдлыг арилгах, нийслэлийг хүүхдэд ээлтэй хот болгох чиглэлээр 2015 онд НҮБ-ын Хүүхдийн сан, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хооронд хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулан хамтран ажилласаар ирсэн. Тухайлбал, Хүүхдэд ээлтэй дүүрэг хөтөлбөрийг 2012-2016 онд Налайх дүүрэгт хэрэгжүүлсэн. Ингэснээр дүүргийн хүүхдийн төлөө ажилладаг төрийн байгууллагуудын чадавх бэхжиж, хүүхдийн эрхийн асуудлыг дүүргийн төлөвлөлт, төсөвлөлтөд нэн тэргүүний асуудлын нэг болгон чухалчилдаг болж, салбар дундын үйл ажиллагаа сайжирч, шийдвэр гаргахад хүүхдийн оролцоо нэмэгдэж, дүүргийн хүүхдийн төлөө зөвлөлийн үйл ажиллагаа тогтмолжсон зэрэг олон эерэг үр дүн гарсан билээ. Тус хөтөлбөрийг 2017-2021 оны хооронд Баянзүрх дүүрэгт хэрэгжүүлхээр ажиллаж байгаад талархаж байна. Бид бүхэн НҮБ-ын Хүүхдийн сантай агаарын бохирдол, хүүхэд хамгаалал болон ус ариун цэврийн байгууламжийг сайжруулах талд хамтран ажиллахад бэлэн байгаа’ хэмээгээд нийслэлд агаарын бохирдол болон хүүхэд хамгааллын чиглэлээр авч хэрэгжүүлж буй зарим арга хэмжээг дурьдлаа.
Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар нь НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран Хүүхдийн эрх ба бизнесийн зарчим сургалт’, ‘LIFE HACK’ өсвөр үеийнхэнд зориулсан гар утасны тоглоом, ‘Хүүхдэд ээлтэй хөрөнгө оруулалтыг дэмжих нь’ хэлэлцүүлэг зохион байгуулснаас гадна ‘Нийслэлийн хүүхдийн байдал 2016’, ‘Нийслэлийн хүүхдийн байдал 2017’ 2 эмхтгэлийг боловсруулан тараажээ. Цаашид дээрх төсөл хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх бөгөөд агаарын бохирдлоос хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр нягт хамтран ажиллахаар боллоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.