Иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг боллоо

289
Монгол Улсад Өмгөөлөгчдийн байгууллага үүсгэн байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан энэ сарын 25-ны өдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс Монголын Өмгөөлөгчдийн Холбоотой хамтран ‘Өмгөөлөгч-Танд тусалъя’ иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг 6 дахь жилдээ зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээ нь  нийслэлийн 6 дүүргээс  Сүхбаатарын талбайд ирж иргэдэд  нэгэн зэрэг зөвлөгөө, тусламж үзүүлдгээрээ онцлогтой. Өдөрлөгийн арга хэмжээнд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар, Нийслэлийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга Ж.Батзоригт, ХЭҮКомиссын дарга Ж.Бямбадорж, Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитрын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Гүнждагва, Монголын Нотариатчдын Танхим, Хууль зүйн туслалцааны төвийн төлөөлөл оролцлоо.
Иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, хууль сурталчлах, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг сахин хамгаалах үүргээ биелүүлж, ‘Өмгөөлөгч-Танд тусалъя’ өдөрлөгт амжилттай оролцсон нийт хуульч, өмгөөлөгчид, хамтран зохион байгуулсан хуулийн салбарыханд талархал дэвшүүлье гэж нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсээс мэдээллээ.