НӨАТ-ын сугалааны супер азтан батламжаа гардлаа

532
НӨАТ-ын урамшууллын 2018 оны дөрөвдүгээр сарын сугалааны тохирол тавдугаар сарын 20-нд буюу өнгөрсөн ням гарагт болсон билээ. Сугалааны тохирлоор 50 сая төгрөгийн нэг супер азтан тодорсон юм.
Тэгвэл энэхүү 50 сая төгрөгийг Сүхбаатар аймгийн Наран сумын харьяат, хөгжлийн бэрхшээлтэй Г.Батцэцэг гэдэг бүсгүй хожжээ. Түүнийг өнөөдөр ТЕГ-ын Татвар төлөгчтэй харилцах газрын дарга Д.Цогзолмаа, Гааль, татвар, санхүү мэдээллийн технологийн төвийн захирал С.Орхонтамир, дэд захирал Б.Биндэръяа нар гэр бүлийнх нь хамт хүлээн авч уулзан, батламжийг нь гардуулан өглөө.
Супер азтан Г.Батцэцэг сумынхаа ‘Наранзаяат’ хэмээх дэлгүүрээс 8500 төгрөгийн худалдан авалт хийсэн баримтаараа ийнхүү супер азтан болжээ. Тэрбээр 2017 оны зургадугаар сарын баримтаар 100 мянган төгрөг хожиж байсан гэнэ.
Дашрамд дурьдахад, Сүхбаатар аймгийн Наран сум аймгийн төвөөсөө 220 км-т байдаг бөгөөд хилийн сум гэдгийг Г.Батцэцэгийн аав Ч.Гомбожав гуай хэлж байсан юм. Мөн тэрбээр сумынх нь 10 орчим дэлгүүр бүгд НӨАТ-ын баримт өгдөг хэмээгээд хүн бүхэн баримтаа авч, байнга бүртгүүлбэл, азтан болох нь байна шүү гэлээ.