Иргэн Б.Батгэрэл Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөрийг АТГ-т шалгуулахаар ханджээ

1914

Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны иргэн Б.Батгэрэл Авлигын эсрэг хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т заасан эрхийн хүрээнд Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрийн хууль бус үйл ажиллагааны тухай АТГ-т гомдол гаргажээ.

Тэрбээр гомдолдоо “Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр нь 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр “Зам талбайн цэвэрлэгээний хуваарь батлах тухай” А/21 дугаартай тушаал гаргахдаа Нийслэлийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/28 дугаар захирамжийн нэгдүгээр хавсралтаар баталсан “Улаанбаатар хотын захирагчийн ажлын албан дүрэм”-ээр олгогдоогүй эрхийг хэрэгжүүлж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасан “Апбан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгох” гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн гэж үзэж байна.

Тодруулбал, Т.Гантөмөр нь А/21 дугаартай тушаалаараа “Улаанбаатар шинэчлэл” ХХК-аас 583,237,500 /Таван зуун наян гурван сая хоёр зуун гучин долоон мянга таван зуу/ төгрөг, “Грейт роуд” ХХК-аас 698,655,000 /зургаан зуун ерэн найман сая зургаан зуун тавин таван мянга/ төгрөг, “Охь мандал” ХХК-аас 519,425,000 /Таван зуун арван есөн сая дөрвөн зуун хорин таван мянга/ төгрөг, “Эко орчин” ХХК-аас 273,700,000 /Хоёр зуун далан гурван сая долоон зуу/ төгрөгийн үйлчилгээг “тендерийн сонгон шалгаруулалтгүйгээр шууд  Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны хот тохижилтын 2018 оны төлөвлөгдсөн зардлаас худалдан авахаар шийдвэрлэжээ.

Энэ нь дараах эрх зүйн зөрчилтэй байдлыг бий болгож байна. Үүнд:

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль зөрчсөн тухай.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т заасны дагуу баталсан Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 68 дугаар тогтоолын хавсралтад “Орон нутгийн өмчийн хөрөнгөөр үйлчилгээ шууд худалдан авч болохгүй бөгөөд харьцуулалтын аргаар 50,000,000 /тавин сая/ төгрөг хүртэл үнэ бүхий үйлчилгээг худалдан авч болох”тухай заасан.

Төсвийн захиран зарцуулах эрх бүхий этгээд нь худалдан авч буй ажил үйлчилгээний төсөвт өртөг 50,000,000 төгрөгөөс давсан тохиолдол Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасны дагуу “Нээлттэй тендер сонгон шалгаруулалтын журам”-ыг мөрдөх үүрэгтэй билээ.

Гэвч Т.Гантөмөр нь 273-698 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий нийт дүнгээрээ 2,075,017,500 /хоёр тэрбум далан таван сая арзан долоон мянга таван зуу/ төгрөгийн үйлчилгээний ажлуудыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 2 дугаар бүлэгт заасан “Нээлттэй тендер сонгон шалгаруулалтын журам”-ыг хэрэглэхгүйгээр шууд худалдан авсан нь мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т “Энэ хуулийн 8.1.1-д заасан босго үнээс дээш төсөвт өртөгтэй бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад энэ хуульд өөрөөр заагаагүй бол нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэнэ” гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

2. Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль зөрчсөн байж болзошгүй тухай.

Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр нь нийт дүнгээрээ 2,075,017,500 /хоёр тэрбум далан таван сая арван долоон мянга таван зуу/ төгрөгийн төсөвт өртөг бүхий үйлчилгээг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчин хувийн компаниас худалдан авсан нь Авлигын эсрэг хуулийн гуравдугаар зүйлийн 3.1-т заасан “Эрх мэдлээ бусдад давуу байдал олгоход ашигласан авлигын шинжтэй үйлдэл” байж болзошгүй хэмээн үзэхэд хүргэж байна” гэжээ. Улмаар АТГ-ыг энэ асуудлыг яаралтай шалгаж өгөхийг хүссэн байна.