Өнөөдөр өглөө 08:00 цагийн байдлаар нийслэлийн зургаан байршилд агаарын бохирдол их болон маш их хэмжээнд байна. Ялангуяа Баянхошуу орчмын агаарын чанарын индекс 1289 хэмээн заажээ.
Харин Толгойт, Баруун дөрвөн зам орчимд агаарын чанарын индекс 560-725 байгаа бол Бөхийн өргөө, Монгол газар, Амгалан орчимд 431-492 гэж зааж байна.
ДЭМБ-ын стандартын дагуу агаарын чанарын индекс 50-аас доош байгаа нөхцөлд цэвэр агаартай байна гэж үздэг.
Агаар маш их бохирдолтой буюу АЧИ 501-ээс дээш байхад нийт хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илрэх учраас хүн бүр гадаа биеийн хүч шаардсан ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийж гэртээ байх хэрэгтэй.
Архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байж эмийг хугацаанд нь уух шаардлагатай юм. Нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэр (тухайлбал автозам)-ээс хол байх хэрэгтэй. Мөн амны хаалт зүүхийг зөвлөж байна.