БНАСАУ-ын 1200 иргэнийг монголоос буцаана

555

Монгол Улсад гэрээгээр ажиллаж буй БНАСАУ-ын 1200 иргэнийг албадан нутаг буцаахаар болжээ. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан тогтоолыг биелүүлэхийн тулд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хаалттай хуралдаж ийм шийдвэрийг гаргасан байна.

Монгол Улсад барилга, авто зам, ноос ноолуурын үйлдвэрт ажилладаг БНАСАУ-ын 1200 иргэний хөдөлмөрийн гэрээг сунгахгүйгээр, эх орон руу нь буцаах шийдвэрт хүрчээ. Энэ тухай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг ‘БНАСАУ-ын иргэд нэг жилийн гэрээ байгуулж манай улсад ажилладаг.  Гэрээт хугацаа нь дуусах бүрт сунгуулдаг.  НҮБ-аас гаргасан тогтоолыг биелүүлэхийн тулд БНАСАУ-аас ирсэн иргэдийн хөдөлмөрийн гэрээг сунгах боломжгүй болсон’ гэлээ.

НҮБ-ын тооцоогоор Хойд Солонгосын 100 мянга гаруй иргэн гадаад орнуудад хөдөлмөр эрхэлдэг  аж. Жилд дунджаар 500 сая ам.долларын татварыг эх орондоо төвлөрүүлдэг байна. Гадаадад ажиллаж буй иргэдээсээ авсан мөнгөөрөө БНАСАУ цөмийн зэвсгээ хөгжүүлдэг гэж НҮБ үзжээ. Учир нь хэдхэн хоногийн өмнө АНУ-ын Засгийн газраастив алгассан баллистик пуужин туршсан БНАСАУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээгээ улам чангатгахыг НҮБ-аас хүссэн. Ингээд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс тогтоол гаргаж, гишүүн орнууддаа БНАСАУ-ын иргэдийг ажлын байраар хангахгүй байх шаардлага тавьсан байна.

Гадаад харилцааны яамнаас БНАСАУ-ын хэчнээн иргэд Монгол Улсад амьдарч, хөдөлмөр эрхэлж буйгаа тухай нууцаллаа.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо  өнгөрсөн долоо хоногт хаалттай хуралдсан. Иймээс тодорхой тоо баримтыг хэлэх боломжгүй. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хоёр тогтоол гарсан байгаа. Тэр бол заавал хэрэгжих тогтоолууд. Энэ нь зөвлөмжийн статустай тогтоол биш учраас гишүүн орнууд заавал биелүүлэх үүрэгтэй. Үүний дагуу хөдөлмөрлөх гэрээгээр орж ирсэн БНАСАУ-ын иргэдэд тодорхой арга хэмжээ авч эхэлсэн. Тогтоолын дагуу өмнө нь гарсан байсан шийдвэрүүд хэрэгжээд явж байгаа. Харин шинэ зөвшөөрөл, шийдвэрүүд гарахгүй. Би БНАСАУ-ын Элчин сайдыг урьж уулзаад “Нөхцөл байдал ийм байна, зөвөөр ойлгоорой, бид энэ тогтоолыг биелүүлнэ” гэдгээ урьдчилж мэдээлж байгаад уг ажлаа эхлүүлсэн” гэв.