Худалдаанд гараад ердөө хоёр долоо хоног өнгөрч буй GoPro Karma дроныг зах зээлээс эргүүлэн татах болсон талаар GoPro мэдэгдлээ. Дэлхийн нийт Америкийн ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг чих тавин чагнаж буй энэ үед тун цагаа олоогүй мэдээлэл болжээ.
Дроноо эргүүлэн татах мэдээлэл гарснаас хэдхэн цагийн дараа хувьцааных нь үнэ 8 хувиар унасан байна
Өнөөдрийг хүртэлх хугацаанд GoPro 2500 ширхэг Karma дроныг борлуулсан бөгөөд цахилгааны гэмтлээс болоод эргүүлэн татахаар болсон аж.
Компанийг үүсгэн байгуулагч Николас Вүүдман “Аюулгүй байдал гэдэг бидний нэн тэргүүний асуудал. Цөөн тооны хэрэглэгчээс ирсэн гомдлын дагуу бүх дроныг эргүүлэн татахаар болж байна” гэжээ.
Одоо GoPro эргүүлэн татсан дронуудад ямар асуудал байгааг шалгах бөгөөд худалдан авсан хэрэглэгчдэд 100 хувь нөхөн төлбөр олгох юм байна.
Компани бүтээгдэхүүнээ худалдаанд гаргаснаас ердөө долоо хоногийн дараа DJI компани Mavic хэмээх халаасанд багтах, технологийн шийдлийн хувьд олон талаар илүү дроныг танилцуулснаас болж GoPro-ийн улирлын орлого таамаглаж байснаас 23 хувиар унаж хүнд байдалд оржээ.
Түүнчлэн дроноо эргүүлэн татах мэдээлэл гарснаас хэдхэн цагийн дараа хувьцааных нь үнэ 8 хувиар унасан байна.
GoPro-ийн хэвлэлийн мэдээлэлд:
~2500 бүтээгдэхүүнийг эргүүлэн татна
Karma-г худалдан авсан бүх хэрэглэгч шууд нөхөн төлбөр авна
Аравдугаар сарын 23-ны өдрөөс хойш 2500 гаруй дрон худалдаалагдсан. Цөөн тооны хэрэглэгчдээс ирсэн гомдолд Дрон тодорхойгүй шалтгаанаар эрчим хүчгүй болж, газар унасан байна. Одоогоор үүнтэй холбоотой шалтгаанаар хүн гэмтэж бэртсэн, эд хөрөнгөд хохирол учирсан талаар мэдээлэл ирээгүй.
Karma эзэмшигчид дроноо эргүүлэн өгөөд шууд 100 хувь нөхөн төлбөр авна. Өөр бүтээгдэхүүнээр орлуулах боломжгүй. Дроны гэмтлийг засварлаад ойрын хугацаанд эргүүлэн зах зээлд гаргана.