Т.Аюурсайхан: 10 тэрбумын ашигтай ажилладаг ТӨХК-ийг 20 тэрбумаар хувьчлахаар үнэлсэн байна

735

ayursaihan

2017 оны төсвийн тухай хуульд ирэх онд орлого нэмэгдүүлэх чиглэлд хийгдэх хэд хэдэн ажлууд тусгагдсан байсан. Үүн дотор  “Монгол шуудан” ТӨХК-ийг 20 тэрбум, “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийг 30 тэрбум төгрөгөөр хувьчлахаар тооцон, өмч хувьчлалын орлогыг 50 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх асуудал тусгагдсан. Харин энэхүү хувьчлалыг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан эсэргүүцэж байгаа юм. Түүнээс энэ талаар тодрууллаа.

-Ирэх оны төсвийн тухай хуулийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр “Монгол шуудан” ТӨХК-ийн хувьчлалыг эсэргүүцэж байгаагаа та илэрхийлж байсан. Ямар учраас энэ хувьчлалыг эсэргүүцэж байгаагаа тайлбарлахгүй юу? 

Шуудангийн салбарыг төр өөрөө эзэмшиж байх ёстой. Яагаад гэвэл төрийн нууцтай холбоотой мэдээлэл шуудангаар дамждаг. Хоёрдугаарт, шуудангаар дамжиж иргэн болон аж ахуйн нэгжийн аюулгүй байдалд халдсан жишээ гадаадын улс орнуудад гарч байна. Эдгээрийг харгалзаж үзээд 51 хувь нь төрд, үлдсэн хувийг нь хувьчилж болох юм гэсэн байр суурьтай байгаа.

Тэгээд ч 34 хувийг нь IPO гаргаад 6.1 тэрбумаар борлуулчихсан, тэр 6.1 тэрбум нь дансанд нь байгаа. Дээр нь таван тэрбум төгрөөр үнэлэгдэх марк байна. Марк гэдэг бол төгрөгтэй ижил хэмжээнд бодогддог үнэт зүйл шүү дээ.

Гэтэл энэ байгууллагыг 20 тэрбум төгрөгөөр хувьчилна гэж байна.  Ялангуяа өмнө нь 34 хувийг нь 6.1 тэрбумаар хувьчилж авсан хүмүүс эргээд төрийн мэдлийг хувьцааг авах юм бол 34 хувиа үнэгүй авсан болох нь.

-Ашигтай ажиллаж байгаа компанийг хувьчлах гээд байгаагийн цаад утгыг та юу гэж харж байна вэ? 

-Ер нь төрийн өмчит үйлдвэрийн газрууд 100 хувь ашигтай ажиллах боломжтой. Ашигтай ажиллаж байгаагийнх нь үр өгөөжийг дээшлүүлж, алдагдалтай ажиллаж байгааг нь ашигтай ажиллуулах хэрэгтэй.

Тэгэхийн тулд нэн яаралтай төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлуудтай ашигтай ажиллах гэрээ байгуулах хэрэгтэй. Хэрэв алдагдал хүлээвэл өмчөөрөө хариуцна, албан тушаалаараа хариуцлага хүлээнэ гэдэг заалт дээр гарын үсэг зуруулбал энэ ажлыг хийе гэсэн хүмүүс маш олон байгаа. 

Хамгийн гол нь өмч хөрөнгийг шамшигдуулах, улсын хөрөнгөөр тоглох, үнэгүйдүүлж байгаад хувьчлах зорилготой хүмүүс тэнд ажилладаг болохоор алдагдалтай ажиллах явдал гаргасаар байгаа.

-Хувьчлалын үнэлгээн дээр та ямар байр суурьтай байна вэ? 

-Үнэлгээ нь бодитой хийгдээгүй гэж бодож байна. “Монгол шуудан” ТӨХК-ийг л гэхэд 20 тэрбумаар үнэлсэн. Гэтэл энэ байгууллага 10 тэрбумын ашигтай ажилладаг. Үүний 6 орчим тэрбум нь цалин хөлс, зардалдаа явдаг байх.

Дээр нь Төв шуудангийн барилгын 40 хувийг эзэмшдэг, 330 суман барилга байгууламжтай, 130 автомашинтай, дансандаа 6.1 тэрбум төгрөг нь бэлэн байж байна.

Энэ бүхнийг тооцохоор үнэлгээг зөв хийсэн гэж бодох ямар ч аргагүй.