Самсунгийн угаалгын машин осол гаргах болсноос 2.8 саяыг эргүүлэн татаж эхэллээ

733

samsung_washing_machine_x974

Самсунгийн шатдаг гар утасны тухай дуулиан тасраагүй байхад дахин шинэ асуудал дэгдлээ.

Энэ удаа тус компанийн үйлдвэрлэсэн угаалгын машин осол гаргаж хүн гэмтээдэг нь тогтоогдсон тул хэрэглэгчдийн гар дээрээс эргүүлэн татахаар болжээ.

АНУ-ын Хэрэглэгчийн Бүтээгдэхүүний Аюулгүй байдлын Зөвлөл (CPSC) өчигдөр буюу Баасан гарагт Самсунгийн дээд талдаа хаалгатай 34 загварын угаалгын машиныг зах зээлээс эргүүлэн татах мэдэгдэл гаргасан байна. Одоогоор хэрэглэгчдийн гар дээр ийм загварын 2.8 сая угаалгын машин байгаа гэнэ.

Мэдэгдэлд дурдсанаар эдгээр угаалгын машинууд нь ажиллах үедээ хүчтэй доргилт үүсгэж, дээд талын хэсгээ авч шиддэг гэнэ. Ингэсэн 733 тохиолдол бүртгэгдсэнээс 9 тохиолдолд хүний эрүүг хугалсан, мөр гэмтээсэн зэрэг ноцтой осол гаргасан байна.

Зарлагдсан угаалгын машинууд нь 2011 оны гуравдугаар сараас энэ оны 11 дүгээр сарын хооронд үйлдвэрлэгдсэн байжээ.

Тэдгээр угаалгын машинуудын дэлгэрэнгүй мэдээллийг CPSC байгууллагын сайтад байршуулсан байна.

Эх сурвалж: TheNextWeb