Авлига үүсэх магадлал тогтоох чадвартай хиймэл оюун ухаан бүтээжээ

557
Эрдэмтэд төрийн байгууллагууд дахь авлигын магадлалыг таамаглах боломжтой шинэ хиймэл оюун ухааны систем зохион бүтээжээ.
Испани Улсын Валладолидын Их Сургуулийн судлаачдын бүтээсэн мэдрэлийн сүлжээнүүдэд суурилсан уг компьютерийн програм нь авлига хамгийн их гарах боломжтой бүс нутгууд болон авлига үүсгэх хүчин зүйлсийг таамаглах чадвартай аж.
Тус систем нь нэг нам засгийн эрхэнд удах тусам авлигын эрсдэл нэмэгддэг гэдгийг баталжээ. Одоогоор ямар нэг маргаан үүсгэхгүйн тулд аль бүс нутаг авлигад хамгийн их өртөх магадлалтай байгааг тогтоосноо олон нийтэд зарлахгүй хэмээн судлаачид мэдэгджээ.
Мөн тэд авлига үүсэх эрсдэл өндөр байна гэдэг нь бодит байдал дээр авлига үүснэ гэсэн баталгаа биш хэмээн нэмж хэлсэн байна. Үл хөдлөх хөрөнгийн татвар, байшин барилгын үнэ хэтэрхий ихээр өсөх, банкны олон салбар нээгдэх, шинэ компаниуд байгуулагдах зэрэг нь авлига үүсэх магадлалыг нэмэгдүүлдэг байна.
Энэхүү судалгаанд 2000-2012 онд Испанид гарсан бүх авлигын хэргийн мэдээллийг ашигласан бөгөөд цаашид илүү боловсронгуй болгох талаар ажиллах ажээ.